МУИС-ийн ХШУИС-ийн Хими, Биологийн Инженерчлэлийн тэнхимийн “Эрдэс түүхий эдийн технологийн туршилт, судалгааны лаборатори” 2017 онд Олон улсын шинжилгээний ур чадварын сорилтын стандартчилалын байгууллага “ANAB”, Геологийн Төв Лабораториос зохион байгуулагдсан CGL PT 02 Хүдрийн Ур чадварын сорилтын 3 дугаар тойргийн хөтөлбөрт амжилттай оролцож гэрчилгээгээ гардан авлаа.
Ур чадварын сорилт нь лаборатори хоорондын харьцуулалтын арга замаар урьдчилан тогтоосон шалгуурын дагуу оролцогч лабораториудын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагаа юм.
Эрдсийн түүхий эдийн шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй лабораториудын дунд Ур Чадварын Сорилтыг МNS ISO/IEC 17043:2010 “Тохирлын үнэлгээ – Ур Чадварын Сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу Геологийн Төв Лабораториос зохион байгуулсан ба МУИС-ийн ХШУИС-ийн тэнхимийн “Эрдэс түүхий эдийн технологийн туршилт, судалгааны лаборатори” энэ сорилтод Fe нийт, Au, Ag, Zn, Mo, Cu, W, Pb, As зэрэг 9 үзүүлэлттэй шинжилгээний төрлөөр амжилттай оролцлоо.
Манай лаборатори энэхүү Ур чадварын сорилтод оролцсоноор өөрийн лабораторийн шинжилгээний чанарыг үнэлүүлэх, шинжилгээнийхээ алдааг илрүүлэх, засаж сайжруулах, захиалагчдын итгэлийг хүлээх, арга аргачлалаа баталгаажуулах, үндэсний болон олон улсын итгэмжлэлийн шалгуурыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.