Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Захиргаа хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр, МУИС-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Отгонбаатар нар санхүү, эдийн засагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд ажилладаг санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, зарим ажилтныг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулж, МУИС-ийн Хүндэт жуух, өргөмжлөлөөр шагналаа.
Шагнал гардуулах үеэр захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Манай санхүүгийн ажилтнууд саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн МУИС-ийн 75 жилийн ойн их ажлын ард амжилттай гарсан. Та бүхнээр бахархаж байна. МУИС гэдэг том айлын санхүүг хариуцан ажиллаж байгаа та бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье. Ирэх онд олон том ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Үүнд та бүхний хүч хөдөлмөр чухал үүрэгтэй” гэв.
Санхүү, эдийн засагчдын өдрийг тохиолдуулан МУИС-ийн Ерөнхий нягтлан бодогч Л.Гоёцэцэг төрийн дээд “Алтангадас” одонгоор, МУИС-ийн нярав Г.Дүүрэнхүү “Байгаль орчны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг мөнгөн шагналын хамт гардуулав. Түүнчлэн МУИС-ийн Санхүү, эдийн засгийн газрын нягтлан бодогч Х.Батдорж, Ё.Дэлгэрдулам, С.Амарзаяа нарыг МУИС-ийн “Хүндэт жуух”-аар шагнаж мөнгөн шагналын хамт гардууллаа.
Мөн МУИС-ийн 2017 оны Шилдэг ахлах нягтлан бодогчоор Л.Оюун-Эрдэнэ, Шилдэг нягтлан бодогчоор З.Алтанцэцэг, Санхүүгийн шилдэг ажилтнаар Л.Хоролсүрэн нар тодорч өргөмжлөл, мөнгөн шагнал гардаж авав.
Ингээд МУИС-ийн Санхүү, эдийн засгийн газраас Монгол Улсын Их Сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд ажилладаг санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдэд бэлэг дурсгалын зүйл гардуулж үйл ажиллагаа өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-аар Санхүү, эдийн засагчдын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гарагт тэмдэглэхээр журамласан байдаг.