Дээд боловсролын байгууллагын 900 орчим багш, судлаачид 11 жилийн дараа зөвлөлдөж байна

Share Button

Монгол Улсын дээд боловсролын байгууллагын эрдэмтэн багш, судлаачид одоогоос 11 жилийн өмнө дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын анхдугаар зөвлөгөөнийг хийж байсан бол энэ өдрүүдэд /2018.01.26-27/  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдөр /2018.01.16/ Төрийн ордны их танхимд 95 их, дээд сургуулийн төлөөлөл болсон 900 орчим багш, судлаач, холбогдох албаны төлөөлөл, бодлого боловсруулагчид Улсын II зөвлөгөөнийг эхлүүлж Нээлтийн нэгдсэн хуралдаанаа хийлээ.

Нээлтийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн оролцож дээд боловсролын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг судлаж, зөвлөлдөж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх тус зөвлөгөөнд амжилт хүсээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Их сургуулиудын кампус байгуулах, Шинжлэх ухааны парк байгуулах гэсэн хоѐр томоохон бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэхээр холбогдох нэгжүүдийг байгуулан ажиллаж буйг тэмдэглээд “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнөөс гарах санал, зөвлөмжийг Монгол Улсын засгийн газар бодитой ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн өдөр /2018.01.26/ уг зөвлөгөөний 5 салбар хуралдаан тус тусын хөндсөн асуудлуудын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тухайлбал I салбар хуралдаан Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, бодлого, Засаглал, эрх зүйн тулгамдсан асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга зам хийгээд Дээд боловсролын санхүүжилтийн талаар зөвлөлдлөө.

II салбар хуралдаанаар Их, дээд сургуулийн элсэлтийн шинэчилсэн бодлого, сургалтын хөтөлбөр, зайны сургалтын талаар илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг хийсэн бол III салбар хуралдаан бүхэлдээ Багшийн хөгжлийн асуудлыг хөндөж, Судалгааны их сургууль болоход багшийн хөгжил ямар оролцоотой тухай зөвлөлдсөн байна.

IV салбар хуралдаан Оюутны хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, оюутны өрсөлдөх чадвар болон боловсролын чанарыг төрөөс дэмжиж буй хөтөлбөртэй хэрхэн уялдуулах тухай зөвлөлджээ.

V салбар хуралдаан МУИС-ийн Эрдмийн танхимд болж Монгол Улсад Судалгааны их сургуулийг хэрхэн хөгжүүлэх, судалгаа, инновацийн тогтолцоог сайжруулах, ахисан түвшний сургууль, судалгааны жишиг лабораторийн талаар зөвлөлдсөнөөс гадна их сургуулийн оюуны өмчийн менежментийн асуудлыг хөндөв.

Салбар хуралдаанууд маргааш /2018.01.27/ 09.00-14.00 цагийн хооронд МУИС-ийн Номын сан болон Эрдмийн танхимд үргэлжлэх бөгөөд 14.00 цагаас Төрийн ордонд хаалтын нэгдсэн хуралдаанаа хийж зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг танилцуулах болно. 

Салбар хуралдааныг http://zuvluguun.num.edu.mn цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар