БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Миний бие сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Сайдын зөвлөлд төрийн өмчийн, хувийн өмчийн гэж ялгахгүй их, дээд сургуулийнхаа эрдэмтдээс оруулахыг эрмэлзэж байна. Бид бодит оролцоог хангах хэрэгтэй. Эрдэмтэн, багш нарынхаа судалгаа, шинжилгээ, оролцоотойгоор дээд боловсролын шинэчлэл, хэтийн чиг хандлагыг тодорхойлох бодлого баримталж байгаа.
Манай эрдэмтэд салбар, чиглэл бүрээрээ сайн судалгаа хийгээд ирвэл бид дэмжихэд бэлэн. Эрдэмтдээ ашиглах хэрэгтэй байна. Шинжлэх ухаан технологийн сангийн журмыг өөрчилнө. Үнэхээр манай улсад хэрэгтэй, дэлхийн түвшний судалгаа, шинжилгээний ажил хийж буй эрдэмтдийгээ санхүүжүүлдэг болно. Мөн манай багш, эрдэмтэд ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Бид хамтдаа хандлагаа өөрчилж, хөгжих хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Сургалтын төлбөрийг хэн нэгэн сайд ирээд өөрчилдөг биш, сургалтын чанартай уялдуулна. Судалгаанд суурилж сургалтын төлбөрийг тогтоодог болох чиглэлд ажиллана” гээд энэ удаагийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч олон саналууд гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн зөвлөгөөнөөс гарсан саналуудыг БСШУСЯ-ны 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгана гэлээ.