Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор МУИС-иас санаачилан ШУА-тай хамтран “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлгийг 2018 оны 1 дүгээр сарын 30-нд Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн байранд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээн МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үг хэлэв. Тэрбээр “Хүн төрөлхтний хөгжил ирээдүйд сансар өөд чиглэх нь тодорхой болсон эрин үед бид амьдарч байна. Сансрын технологийн түүхэн хөгжилд Монголчууд бидний оруулсан хувь нэмэр тодорхой хэмжээнд бий билээ. Тухайлбал 13-р зууны Их Монгол Улсын үед Ази тивээс анхны пуужин хэлбэрт төхөөрөмжийг Европ тивд нэвтрүүлснээр өнөөгийн дэлхийн сансрын технологийн түүх эхэлдэг. Мөн Хубилай сэцэн хаан одон орон судлалын газар байгуулан судалгаа ажиглалт хийж байсан зэргээс эхлэн Монгол улсын сансрын салбар өнө эртний түүхтэй юм. Хожуу үеийн сансрын салбарын хөгжилд ч Монгол улс хоцролгүй оролцож байсныг хуучны социалист орнуудын Интеркосмос хөтөлбөрт оролцож байснаар дурдаж болно. Үүний нэгээхэн том үр дүн бол Монгол Улс өөрийн хүнээ сансарт нисгэсэн явдал юм. Харин өнөө үед техник, технологийн өндөр хөгжлийг дагаад сансрын технологийн чиг хандлага ч хурдацтай өөрчлөгдөж, өмнө нь зөвхөн хэдхэн том гүрний хүрээнд яригддаг байсан энэ салбарт олон олон хөгжингүй болон хөгжиж буй орнууд эрчимтэйгээр орж ирсээр байна. Үүний уг шалтгаан нь технологи жижгэрч, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хиймэл дагуул бүтээх, дэд бүтцийг бий болгох өртөг зардал багасаж байгаатай холбоотой. Монгол Улсын Их Сургуулийн хувьд Судалгаанд суурилсан их сургууль болох зорилтынхоо хүрээнд цаашид үргэлжлүүлэн уг салбарыг бодлогоор дэмжиж ажиллах бөгөөд чанартай хүний нөөц бэлтгэх болон технологи, инженерчлэл, нарийвчилсан судалгааны чиглэлүүдэд түлхүү оролцож ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Сансар судлал, сансрын технологи нь өөрөө олон салбарын нэгдэл болж байдаг учир энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө МУИС тус чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудтай нээлттэйгээр хамтран ажиллах болно” гэв.
Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” 2017 оны 6 дугаар сарын 4-нд дэлхийгээс хөөрч, 7 дугаар сарын 7-оос задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орсон бөгөөд Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж улсынхаа нэрийг сансарт бичсэн түүхэн үйл явдал тохиосон билээ. Хиймэл дагуулыг Японы Хоккайдо, Тохокүгийн их сургуультай хамтран бүтээсэн бөгөөд МУИС-ийн эрдэмтэд дараагийн буюу микро түвшний хиймэл дагуул бүтээхээр судалгааны ажлаа эхэлжээ.
МУИС-ийн багш Д.Эрдэнэбаатар “Мазаалай” нь газрын зураг авах, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэх үүрэгтэй бол микро түвшний хиймэл дагуул нь цаг агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай байх юм. Хоккайдо, Тохокүгийн их сургууль хамтран ажиллана. Тиймээс микро хиймэл дагуулыг бүтээх бэлтгэл ажлыг хангах, Монгол Улсад Сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Гадаадын орнууд хиймэл дагуулыг газар хөдлөлт, ган, зудын эрсдэл тодорхойлох, газар тариалангийн ургацын хэмжээ тогтоох зэргээр улсынхаа үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болгон ашигладаг. Одоогоор сансар огторгуйд 1000 гаруй хиймэл дагуул ажиллаж байгаагаас 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар эзэмшдэг байна. Харин Монгол Улсын ОБЕГ, ЦУОШГ, ШУА зэрэг томоохон байгууллагууд АНУ-ын Landsat болон MODIS зэрэг хиймэл дагуулаас үнэ төлбөргүй мэдээлэл авдаг. Гэвч эдгээр хиймэл дагуулын зураг авалтын нарийвчлал бага тул хангалттай мэдээлэл болж чаддаггүй бөгөөд өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг Монгол Улс байгалийн гамшгаас сэргийлэх, гамшиг, ослыг нарийвчлан тогтоохоос эхлээд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх зорилгоор өөрийн микро хиймэл дагуултай болох нь чухал юм.
“Мазаалай”-г бүтээхэд 100 мянган ам.доллар зарцуулж байсан бол микро түвшний хиймэл дагуул бүтээхэд хоёр жилийн хугацаанд 3-5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай.
Монгол Улс анхны нано хиймэл дагуулаа бүтээж, Япон улстай хамтран сансар судлалын мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлсэн. Энэ амжилтыг улам бүр бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Төрөөс сансрын талаар баримтлах бодлого боловсруулах, энэ чиглэлийн тусгай агентлагтай болох шаардлагатай гэдгийг Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа онцолсон юм.
Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн харьяа 10 хүрээлэнгийн 6 нь хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, ШУА-ийн 650 гаруй судлаач хиймэл дагуулын мэдээллийг эрдэм шинжилгээний ажил болон бусад бүтээлдээ ашигладаг. Тиймээс тус байгууллагын удирдлагууд сансар судлалын чиглэлээр төрийн тусгай агентлаг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Хэрэв төр тусгай агентлаг байгуулах боломжгүй бол ШУА-ийг түшиглэн сансар судлалын нэгж эсхүл ажлын хэсэг байгуулан ажиллуулах боломжтой гэдгийг тус академийн Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, доктор Б.Сувданцэцэг хэллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд дээрх саналуудыг тусгасан зөвлөмж боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх болов.
Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж
Хэлэлцүүлэгт оролцогчдын илтгэл, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг үндэслэн дараах ойлголтууд дээр санал нэгдлээ:
- Микро хиймэл дагуулыг хийж бүтээх, турших, хөөргөх улмаар уг дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан ШУ, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг нарийвчлан шийдвэрлэх нь олон талын ач холбогдолтойг оролцогч талууд онцлон тэмдэглэлээ.
- Сансрын судлалын чиглэлээр үндэсний боловсон хүчнийг техник технологи, судалгаа, хэрэглээний чиглэлүүдээр бэлтгэх, судалгаа боловсруулалтын ажлыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна.
- Монгол Улсад сансрын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг олон талын оролцоотойгоор боловсруулах шаардлагатай байна.
- Бодлогын бичиг баримтыг боловсруулах сансрын үндэсний зөвлөлийг өргөжүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангах.
- Сансрын асуудлаар “Үндэсний чуулга уулзалтыг” 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сансрын үндэсний зөвлөл, БСШУСЯ-ны зохицуулалтын дор зохион байгуулах.