МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор хууль зүйн сургалт, семинар, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн судалгааны семинарыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Судалгааны семинарын зочин илтгэгчээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г.Туяагэрэл оролцож, “Засгийн газрын үйл ажиллагааны үр ашигтай байдалд улс төрийн намын үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Энэхүү судалгааны семинарт засгийн газрын тогтвортой байдал, түүний үйл ажиллагааны үр ашигтай байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Засгийн газрын тогтвортой байдалд Монгол Улсын эдийн засаг, инфляци, засаглалын индекс нөлөө үзүүлж байгаагаас гадна намын бүтэц, томилгоо, хүний нөөцийн бодлого чухал нөлөөтэй болохыг онцолсон юм.

Энэхүү судалгааны семинар, хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцож, Засгийн газрын тогтвортой байдалд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч, эрх зүйн орчин, түүний хэрэгжилт илүүтэй нөлөөтэй байх тул хууль тогтоомжийг дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

