Баруун Хойтын Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүллээ

Share Button

Энэ 3-р сарын 18-наас 24-ний өдрүүдэд  МУИС – ийн ректор, МСХ-ийн ерөнхийлөгч С.Төмөр–Очир, Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б. Даваасүрэн, НШУС – ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Ж. Урангуа, МХСС-ийн Эх бичиг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М. Баярсайхан, ГХСС-ийн Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч Ц. Баттулга, МСХ – гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Урантөгс нар МУИС болон БНХАУ–ын Ланжоу хот дахь Баруун Хойтын  Үндэстний  Их Сургууль хоорондын “эрдмийн нийтлэг эрх ашиг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх гэрээ”нд гарын үсэг зурах, тус сургуулийн аспирантуудад лекц унших зорилготой урьсан талын 100% -ийн зардлаар ажиллаад ирлээ.

Баруун Хойтын  Үндэстний  Их Сургууль  нь 1950 онд байгуулагдсан ба 56 бага ястанаас бүрэлдсэн 25000 оюутан, 1700 гаруй багш ажилтантай. Багш нарын 915 нь профессор, 499 гаруй дагалдан багш, байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг соёл, спортын чиглэлээр нийт 25 бүрэлдэхүүн сургууль бүхий судалгаа, бакалавр, магистр, докторын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг тус орны соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төвийн нэг болон хөгжсөн байна.

Хамтын ажиллагааны гэрээний заалт тус бүрийг нарийвчлан тусгах ярилцлага хийхэд Баруун Хойтын  Үндэстний  Их Сургуулийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Qi Weiquan, магистр, докторын албаны дарга Са. Оюун, аж ахуй захиргааны хэлтсийн дарга Халиун  МУИС – ийн ректор, МУИС-ийн МСХ-ийн ерөнхийлөгч С.Төмөр–Очир, Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б. Даваасүрэн, НШУС – ийн Түүхийн тэнхимийн багш профессор Ж. Урангуа, МСХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Урантөгс нар оролцлоо.

Тус гэрээнд талуудын хамтын ажиллагааны цар хүрээг дараах байдлаар тодорхойлов.

  • Талуудын сонирхсон салбарт хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэх
  • Оюутан болон их сургуулийн удирдлага, факультетийн гишүүд багш нарын харилцан айлчлалаар эрдмийн ажлын туршлага солилцох
  • Хурал, семинар, симпозиум зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
  • Аль нэг талын зохион байгуулж буй эрдэм шинжилгээний уулзалтанд харилцан оролцох
  • Боломжит нөөцөд тулгуурлан тэнхим, хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний ном, хэвлэл солилцох зэрэг болно

Гэрээний заалт бүрийг хэрхэн хэрэгжүүлэн биелүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрч харилцан тохиролцсоны дараа ажлын хэсгийн хамт олон 2,510,000 бүхий баялаг номын сангийн Түвд номын тасгаар орж танилцлаа.

Эртний судар номын хадгалалт хамгаалалтыг маш нарийн тооцон шалыг нарс модоор нүх гаргаж углуургадан хийсэн нь тухайн өрөөний агаарын солилцоо, орчны хэмийг жигд байлгах  зориулалттай байна.

3-р сарын 21-нд Ланжоу хотын төв музейг үзэж сонирхлоо. Тус музейд монголын түүхтэй төстэй олдвор үзмэрүүд элбэг юм.

Ганьсу мужийн ойролцоох Вэй Ли цогцолбор дурсгалаас МТӨ VII зуунд холбогдох хүрэл морь гарчээ. Энэ нь тус Ланжоу хотын  бэлгэдэл болсон байна.

 

 

Мөн бунхны малтлагын зураг, олдвор, зохион байгуулалтын тухай үзмэрт тавьсан нь сонирхол ихэд татаж байлаа. Учир нь гэвэл 2010 оны 8 сардолдсон Булган аймгийн Баяннуур сумын “Шороон бумбагар” ын бунхантай тун төстэй харагдаж байлаа. Ялгаатай нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олдсон оршуулгын байгууламжийн ханан дээр зураг зурсан байдаг бол уг Ланжоу-гийн байгууламж дутуу шатсан тоосгоор нягт нямбай өрж үүдэвчийг хийсэнбайна.

Ланжоу-гаас олдсон байгууламж нь гурван тасалгаа бүхий хоёр угсраа үүдэвчтэй бол монголынх тасалгаагүй мөн нэг үүдэвчтэй байдаг.

 

Баруун Хойтын Үндэсний Их Сургуулийн Монгол Хэл Соёлын Дээд Сургуулийн захирал, Хятад дахь олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Эрдэнбилэгтэй уулзаж монгол судлалын хурал зохион байгуулах, ном хэвлэлийн солилцоог хийх тухай тохиролцсон болно.

Баруун Хойтын Үндэсний Их Сургуулийн Монгол Хэл Соёлын Дээд Сургуулийн эрдэмтэн багш нартай уулзаж үйл ажиллагааных нь талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд аман ба утга зохиолын чиглэлээр Бату, сурвалж бичгийн болон эртний уран зохиолын чиглэлээр Нарсу, утга зохиолын онолын чиглэлээр Зэвсэг, монголын орчин үеийн уран зохиол, Ойрад соёл судлалын тэнхимийн эрхлэгч Оюунцэцэг, орчин үеийн уран зохиолын чиглэлээр Улаан, хэлзүйн онолын багш Өлзийдалай нар байлаа.

 

Уг сургууль 1958 онд байгуулагдсан 280 багш эрдэмтдээс 86-96% нь доктор профессор цолтой багш нартай. Ойрадын болон хятад Монгол чиглэлийн докторын сургалтыг явуулдаг. Сургалтын үйл ажиллагааныхаа гол чиглэлийг монгол зан үйл, монгол соёл, аман зохиол, түүхэн сурвалж судлал руу хандуулан ажиллаж байна. зэрэг чухал асуудлыг хөндөн, хоёр тал харилцан анхаарч ажиллах, дутагдал сул талыг арилгаж, бие биедээ хүндэтгэлтэйгээр хандаж, тулгарсан асуудлыг нааштайгаар шийдэж байх тухай ярилцан, үндсэн тохиролцоонд хүрлээ. Энэхүү уулзалт ярилцлага хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хөндсөн, тодорхой шийдвэр гаргахад анхаарч үзэх, тусган авах олон сонирхолтой санал бодол дүгнэлт дэвшигдсэнээрээ, нээлттэй, чөлөөтэй санал бодлоо илэрхийлснээрээ чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

Бид МУИС – ийн МСХ – ийн үйл ажиллагааг танилцуулан, цаашдын ажлын зорилго чиг хандлагын талаар ярьж, шинээр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  Баруун Хойтын Үндэсний Их Сургуулийн Монгол Хэл Соёлын Дээд Сургуулийн  багш, доктор профессор Сэцэнмөнхтэй Монгол үндэстний домгийн судалгаа, биет бус соёлын судалгаа, соёлын салбарт бэлэгдэл зүйн хамтарсан судалгаа явуулж болох тухай санал солилцлоо.

3-р сарын 22-нд Хөхнуурын Үндэстний Их Сургуулийн захирал Qi Fumin, дэд захирал Suo Duan Zhi, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Li Sheng Rong , аж ахуй эрхэлсэн дэд захирал Ga Bao Ying, монгол хэл утга зохиолын салбарын дэд захирал Мөнгөнмөчир нар хүлээн авч уулзлаа.

Тус сургууль нь 1949 оны 12 сард байгуулагдсан. Хөхнуур мужид хамгийн эртний сургуулиудын нэг төдийгүй докторын түвшний сургалтыг эрхэлдэг байна. 15 бүрэлдэхүүн сургуультай, 14000 оюутан, 1400 гаруй багш ажилтантай. “Төвд болон Нийгмийн судлал”, “Хөхнуурын Үндэстний Судлал” зэрэг сэтгүүл цуврал эрхлэн гаргадаг. Герман, Япон, Малайз гэх мэт 44 гадны оронтой хамтран ажилладаг. Монгол хэл, утга зохиолын салбар нь 1973 онд бэлтгэл ангитай болж, эртний уран зохиол түүхэн уран зохиол зэргээр голлон ажилласан. Монгол-Хятад, Монгол-Төвд хос хэлний ангийн сургалт байдаг. Ийнхүү сургуулийн үйл ажиллагаагаа танилцуулсны дараа МУИС-ийн ректор С. Төмөр-Очир болон ажлын хэсгийнхэнд хамтран ажиллах гэрээг санал болгосон. Гэрээнд 2+2 сургалтыг зохион байгуулах, хоёр сургуулийн диплом олгох, богино хугацааны сургалтыг тэнцүү тооны оюутан солилцоогоор явуулах зэрэг бодит заалтуудыг гэрээнд тусгахыг санал болголоо. МУИС-ийн ректор С. Төмөр-Очир уг саналыг нааштай хүлээн авч тухайн сургуулийн бололцоо, бодит байдлыг судалж үзээд хариу мэдэгдье гэж хэллээ.

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар