UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 15 дахь цуврал хэлэлцүүлгийг “МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБАНЫ ТУЛГУУР БАГАНУУД” дэд сэдвийн хүрээнд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр МУИС-ийн шинэ номын санд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргаа судлалын институтийн захирал, НҮБ-ын төрийн захиргааны шинжээчдийн хорооны гишүүн, Удирдахуйн ухааны олон улсын институтын тэргүүн, МУИС-н хүндэт доктор Проф. Др. Ян Цыков оролцов.
UB IMPULSE 15 цуврал хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гүрж Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Проф. Др. Кардава, АНУ-ын Анкораж дахь Аляскийн их сургуулийн зочин Проф. Жон Даффи, МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачид, докторант, магистрант оюутнуудын төлөөлөл, Хууль сахиулахын их сургууль, Этүгэн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Төрийн албаны зөвлөл, Төрийн яам агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчид, Канадын элчин сайдын яам, Нийслэлийн захирагчийн алба, дүүргүүдийн төрийн албан хаагчид, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Трансперенси интернешнл, зэрэг байгууллагуудын нийт 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Илтгэгч “Мэргэшсэн төрийн албаны тулгуур багана”-тай холбоотой асуудлуудыг хөндөн. төрийн албаны бүтэц, үйл ажиллагаанд тухайн орны соёлын онцлог нөлөө, төрийн албыг мэргэшүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадах гурван тулгуур:
- Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт
- Мерит зарчимд үндэслэн сонгон шалгаруулалт, албан тушаал дэвшүүлэх, хүний нөөцийн хөгжил
- Төрийн албаны ажил эрхлэлтийн байдал: гүйцэтгэлд суурилсан урамшуулал, нийгмийн баталгаа, хувь хүний хариуцлагын талаар тодорхой илтгэв.
Проф. Др. Ян Цыков Монгол Улсын Төрийн албаны шинэчлэгдсэн хуульд хийсэн өөрийн судалгааны дүгнэлтийг танилцуулсан нь хэлэлцүүлгийг улам сонирхолтой, үр бүтээлтэй болгов.
Зохион байгуулагч:
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль
UB-IMPULSE олон нийтийн лекц, хэлэлцүүлгийг санаачлагч, үндэслэгч МУИС-ийн хүндэт доктор, Проф. Др. Штефан Ханселманн /GIZ-IMRI/