2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Сургууль, Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбортой хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн оюутан суралцагсдад Найрамдал зуслангийн үйл ажиллагааг танилцуулан туршлага судлах, МУИС-ийн оюутнууд тус төвд амарч буй гадаад хүүхдүүдийн орчуулагчаар ажиллах, зуны дадлага хийх болон МУИС-д суралцаж буй гадаад оюутнууд сайн дурын ажилтнаар ОУХНЦ-ын зуны ээлжинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм.
Түүнчлэн Хөгжлийн хөтөлбөрт санал болгож буй одон орон-байгаль шинжлэл, байгаль экологи, Монгол зан заншил-орон судлал, шинжлэх ухаан-танин мэдэхүй, мэдээлэл зүй-робокон, эрх зүй-хүүхдийн оролцоо, гадаад хэлний зуны сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах баг хамт олныг сонгон шалгаруулж ажиллуулах, Үндэсний болон Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулах, МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Экологийн боловсролын Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн аялалд Найрамдалын багш, ажилтнуудын хүүхдийг тусгай хөтөлбөрийн дагуу хамруулах зэрэг асуудлууд гэрээнд тусгагджээ.
Ийнхүү хүүхдийн болон оюутны тэргүүлэгч хоёр байгууллага үйл ажиллагааны чиглэлээрээ хамтран ажиллах бүхий л боломжийг үр дүнтэй ашиглан хүүхэд, залуучуудад ээлтэй хамтын ажиллагааг бий болгох эхлэл тавигдлаа.