МУИС-ийн ууган багш нарын нэг, нэрт эрдэмтэн, профессор А.Дашдоржийн мэндэлсний 100 жилийн ойг 2018 оны 10 дугаар сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүллээ. А.Дашдорж нь 1947 оноос эхлэн МУИС-ийн биологийн багш, Амьтан судлалын тэнхимийн эрхлэгчээр томилогдон, эх орондоо биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа загас, усны амьтан судлалыг үндэслэсэн, олон улсад нэрд гарсан эрдэмтэн байлаа. Тэрээр өөрийн торгон мэргэжлийн зэрэгцээ амьтны аймгийн бүх бүлгийн судалгаанд анхаарал хандуулсан өргөн хүрээний мэдлэгтэй, амьтан нутагшуулах арга замаар эх орныхоо баялагыг арвижуулж, улмаар загас, шувуу, агнуурын хөхтөн амьтны нөөцийг зохистой ашиглах аргаар улс орныхоо эдийн засгийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр санаачлагатай ажилладаг бүтээлч эрдэмтэн байв.
Нэрт биологич эрдэмтэн А.Дашдоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд профессор А. Дашдоржийн Монгол орны дээд боловсрол, биологийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийн талаар “Мөнхөд дурсагдах алдар хүндийг хүлээсэн эрхэм хүн” “Монгол орны загас судлал” “Монгол орны усны шавьж судлал” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсний зэрэгцээ, проф. А.Дашдоржийн амьдрал, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Мөргүй амьтан загасыг судалж мөрөө гаргасан эрдэмтэн” сэдэвт баримтат кино, шавь нарын дурсамж уулзалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэхүү хүндэтгэлийн хурлын төлөөлөгчдийн саналаар Проф. А.Дашдоржийн эрдэм шинжилгээний бүтээлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралд бүтээлд эмхэтгэн хэвлүүлэх, Хөвсгөл нуур судлалын иж бүрэн судалгааг гадаадын судлаач нартай хамтран хэрэгжүүлсэн түүний гавьяаг өндрөөр үнэлж Хөвсгөл нуурын БЦГ-ыг проф. А.Дашдоржийн нэрэмжит болгох зэрэг саналууд гарлаа.
Проф. А. Дашдоржийн гэр бүл, хүүхэд нь Биологийн тэнхимд талархал гардуулав.
Бидний зохион байгуулсан ойн арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, А.Дашдоржийн гэр бүл, АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургуулийн Биологи, гистологийн тэнхим, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхим, А. Дашдорж багшийн шавь Ч.Батхуяг нар, мөн проф. А.Дашдоржийн амьдрал, түүхийг харуулсан баримтат кино хийсэн МУИС-ийн “Авай” студийн хамт олонд тус тус гүн талархал илэрхийлье.
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим