“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2018” эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхим нь “Хэрэглээний математик 2018” хурлыг 2018 оны 11-р сарын 17-нд хоёр дах удаагаа амжилттай зохион байгуулав. “Хэрэглээний математик 2018” хурал нь үндсэн хуралдаанаас гадна Хэрэглээний математик, статистикийн салбар болон Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар гэсэн 2 салбар хуралдаанаар нийт 34 илтгэл хэлэлцэв.  Тус хуралд ШУТИС, ХААИС, СЭЗИС, МГТИС, МУБИС зэрэг их дээд сургуулиудын багш судлаачид, оюутнууд болон Ус цаг уур, орчны судалгаа шинжилгээний  хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Үндсэн хуралдаанд 4 эрдэмтэн урилгаар оролцож, өөрсдийн судалгааны ажлаасаа танилцуулав. Үүнд СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.Батсүх “Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэрийн (DSGE) загварын хөгжил, хөгжүүлэлтийн асуудалд” сэдвээр, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа “Уур амьсгалын өөрчлөлт – Ган зуд” сэдвээр, МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн процессор, доктор А.Энхбаяр “Их хэмжээний цэгэн өгөгдлийг боловсруулах математик аргууд ба түүний хэрэглээ” сэдвээр, МУБИС-ийн Математикийн тэнхимийн профессор, доктор Р.Мижиддорж “Integro cubic spline on arbitrary spaced sub-intervals” сэдвээр илтгэл тавилаа.

Тус хурлыг санаачлагч Хэрэглээний математикийн тэнхим нь оптимизаци, оновчтой удирдлага, математик загварчлал, магадлалын онол, математик статистик, тооцон бодох, ус, цаг уур, цэвдэг судлал зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээний ажил туурвидаг 30 гаруй эрдэмтэн багш нартай МУИС-ийн томоохон тэнхимүүдийн нэг юм. Тус тэнхимийн эрдэмтэн багш нараас 17 багш гадаад, дотоодын их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан байна.

Хэрэглээний математикийн тэнхим нь энэхүү хурлыг цаашид жил бүр тогтмол зохион байгуулах, улам өргөжүүлэх, салбар дундын судалгааг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Хурал зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар