МУИС-д Экологич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол Улсын Засгийн Газрын 1987 оны 202 тоот тогтоолоор МУИС дээр Экологийн лабораторийг 1988 онд байгуулсан нь Монгол Улсад экологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэх үүрэг бүхий анхны нэгж болжээ. Эдүгээ экологийн хөтөлбөр нь МУИС-д төдийгүй Монгол Улсын боловсролын түүхэн дэх экологийн чиглэлээр бакалавраас докторын түвшний сургалт явуулж ирсэн анхны цогц хөтөлбөр болон өргөжжээ.


Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус хөтөлбөрөөс “Экосистемийн тогтвортой байдал: Өнгөрснөөс суралцаж ирээдүйг бүтээх нь” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 11-р сарын 16-нд зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол орны хээрийн буюу бэлчээрийн экосистем, цэнгэг усны экосистемийн түүхэн болон өнөөгийн ашиглалт, ирээдүйн төлөв байдал, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын ба цэвдгийн өөрчлөлтийн хандлага, Монгол орны зарим зүйл нэн ховор амьтны сэргээн нутагшуулалт болон хамгааллын чиглээр олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
Ойн арга хэмжээний хүрээнд тус хөтөлбөрт ажиллаж ирсэн үе үеийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, нийт оюутан болон төгсөгчдийн дурсамж уулзалтыг зохион байгуулагдаж хөтөлбөрийн анхны төгсөгчдийн санаачлагаар “Залуу экологичдыг дэмжих сан” байгуулагдлаа.
Ойн арга хэмжээ болон хурлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУИС-ийн Захиргаа, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбар, Ирвэс Хамгаалах Сан, Байгаль, Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэг (WCS), Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хустай Төв ТББ, Грийнтрендс ХХК зэрэг байгууллагууд болон дэмжиж ажилласан нийт төгсөгч нартаа гүн талархал илэрхийлье.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн Тэнхимийн Экологийн хөтөлбөрийн хамт олон