ОУХНУС-ийн энэ улирлын онцлох үйл явдал
МУИС-ийн ОУХНУС-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НҮБ-ын загвар хуралдаан нь эл улирал буюу 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Гадаад Харилцааны Яаманд амжилттай болж өндөрлөлөө. 15 дахь удаагийн тус хурал нь өмнөх жилийн уламжлалыг хадгалан хоёр өдрийн турш нийт 5 хороо зохиогдсоноороо онцлог юм.
| Д/д | Хороо | Хурлын сэдэв |
| 1 | Ерөнхий Чуулган | Дэлхийн эдийн засагт нөлөөлж буй худалдааны дайны аюул занал |
| 2 | Аюулгүйн Зөвлөл | Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан |
| 3 | Нийгэм хүмүүнлэгийн хороо | Цаазын ялыг дэлхий нийтээрээ халх нь |
| 4 | Олон улсын шүүх | Израиль-Палестины асуудал |
| 5 | Эдийн засаг,нийгмийн зөвлөл | Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи: Гамшгийн эрсдэлийг бууруулах ухаалаг зохицуулалт, хамтын ажиллагаа |
Уг хуралдаан нь олон улсын харилцааны сургалтын хөтөлбөрт багтдаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн практик дадлага болдог бөгөөд оюутнууд хичээл дээр үзсэн онолын мэдлэг дээрээ тулгуурлан олон улсын хурлын үйл ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулдгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Mongolia MUN 2016 загвар хуралдаанд МУИС-ийн ОУХНУС, ХЗС, ХШУС, НУС болон Бизнесийн сургууль, Батлан Хамгаалахын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СЭЗИС, Шихихутуг, Колумбийн их сургууль зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 1-4-р түвшний оюутнууд оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллаж, санал бодлоо солилцон мэтгэлцэв.
Энэ жилийн хурал нь хоёр дахь удаа таван салбар хуралдаантай явагдсан бөгөөд Ерөнхий Ассамблейн хурал “Дэлхийн эдийн засагт нөлөөлж буй худалдааны дайны аюул занал”, Нийгэм хүмүүнлэгийн хороо “Цаазын ялыг дэлхий нийтээрээ халх нь”, Олон улсын шүүх “Израиль-Палестины асуудал” сэдвийн хүрээнд монгол хэлээр, Аюулгүйн Зөвлөлийн хурал “Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан”, Эдийн засаг,нийгмийн зөвлөлийн хурал “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи: Гамшгийн эрсдэлийг бууруулах ухаалаг зохицуулалт, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд англи хэлээр явагдлаа.
НҮБ-ын XV загвар хуралдааныг зохион байгуулахад ГХЯ, МУИС-ийн ОУХНУС, АПУ ХХК, МGL DESIGN ХХК зэрэг компани, албан байгууллагууд хамтран ажилласан бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хангах НБДГ-ын үүргийг ОУХНУС-ийн 3, 4-р түвшний оюутнууд гүйцэтгэлээ. Mongolia MUN 2018 хурлын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар МУИС-ийн ОУХНУС-ийн 4-р түвшний оюутан Б. Одонгоо ажилласан ба Ерөнхий Ассамблейн хурлын даргаар тус сургуулийн 4-р түвшний оюутан М. Баянмөнх, Аюулгүйн Зөвлөлийн хурлын даргаар СЭЗИС-ийн 3-р түвшний оюутан А. Билгүүн, МУИС-ийн 1-р түвшний оюутан О. Цэлмэг, Нийгэм хүмүүнлэгийн хорооны даргаар MУИС-ОУХНУС-ийн 2016 оны төгсөгч Б. Билгүүн, МУИС-ийн ХУС-ийн 4-р түвшний оюутан Ц. Сувд, Олон улсын шүүхийн даргаар MУИС-ОУХНУС-ийн 2017 оны төгсөгч С. Удвал, MУИС-ОУХНУС-ийн IV-р курс Б. Буянхишиг, Эдийн засаг,нийгмийн зөвлөлийн даргаар MУИС-ОУХНУС-ийн III-р курс М. Зоригт, MУИС-ОУХНУС-ийн IV-р курс Ш. Аминаа нар тус тус ажиллав.
Хоёр өдрийн турш оролцогчид ухаанаа уралдуулж, авхаалж самбайгаа сорьсны эцэст шилдгүүд тодорсон юм.
- Шилдэг төлөөлөгчдийн баг: Г. Анар ахлагчтай Бүгд Найрамдах Сингапур улсыг төлөөлсөн “No Name” баг (МУИС-ОУХНУС)
- Шилдэг төлөөлөгч:
- Аюулгүйн Зөвлөл-Тайландын Вант улсыг төлөөлөн оролцсон С. Тамир,
- Олон улсын шүүх хороо- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг төлөөлөн Б. Улсболд,
- Эдийн засаг, Нийгмийн хороо- Үндэстнүүдийн холбооны Австрали Улсыг төлөөлөн оролцсон Т. Уранбилэг,
- Нийгэм, соёл болон хүмүүнлэгийн хороо- Мексикийн Нэгдсэн Улсыг төлөөлөн оролцсон Б. Пүрэвнамжил
Энэхүү завшааныг ашиглан хамтран зохион байгуулсан албан газрууд, МУИС-ийн ОУХНУС-ийн хамт олон болон МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэдэх MODEL UN CLUB-д талархал илэрхийлье.
Хуралдааны тухай бичлэгийг доорх холбоосоор үзнэ үү.

