МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал боллоо. Хуралд нийт 47 гишүүн оролцож, МУИС-ийн профессор Ж.Батхүү хуралдааныг даргалав. Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  1. 2017-2018 оны МУИС-ийн хичээлийн жилийн тайлан
  2. АНУ-ын Пенсильваний их сургуулийн профессор Монгол судлаач K. Этвүүд (Christopher P. Atwood)-д “МУИС-ийн хүндэт доктор цол” олгох тухай
  3. Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, батламжлах тухай
  4. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын нэмэлт, өөрчлөлт
  1. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар 2017-2018 оны МУИС-ийн хичээлийн жилийн тайланг эрдэм шинжилгээ инноваци, сургалт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, байгууллагын засаглал, санхүү, эдийн засаг гэсэн 5 үндсэн чиглэлээр танилцуулж, төрөлжсөн хороодын дарга нарын тайланд өгсөн үнэлэлт дүгнэлтийг сонсов. Тус тайлантай холбоотой 7 гишүүн асуулт асууж 11 гишүүн санал хэллээ. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн асуултад МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон дэд захирлууд нэмэлт тайлбар, тодруулга өгөв. Гишүүдийн олонхи 2017-2018 оны хичээлийн жилийн тайланг өмнөх жилээс сайжирсныг тэмдэглээд цаашид төлөвлөгөөний зорилт тус бүрээр тулгамдсан асуудал, шийдвэрлэсэн байдал, цаашид авах арга хэмжээний талаар тусган бичихийн зэрэгцээ тухайн жилийн төсөв батлагдахаас өмнө тайланг хэлэлцэж байх нь  зүйтэй гэдгийг онцолж байв. Ийнхүү 2017-2018 оны МУИС-ийн хичээлийн жилийн тайланг Эрдмийн зөвлөлийн гишүүдийн санал, төрөлжсөн хороодын дүгнэлт, зөвлөмжийг тусган, хэл найруулгын зохих засварыг оруулсны дараа Удирдах зөвлөлд хүргүүлэх тухай Эрдмийн зөвлөлийн тогтоолын төслийг батлав.
  1. АНУ-ын Пенсильваний их сургуулийн профессор К.Этвүүдэд “МУИС-ийн Хүндэт доктор цол олгох” тухай асуудлыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ танилцуулсан бөгөөд тухайн эрдэмтний талаарх мэдээлэл хангалтгүй байгаа учир эл асуудлыг дараачийн хурал хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.
  2. Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ ШУС-ийн Нийгмийн Ухааны Салбарын Багш, оюутны хөгжил хариуцсан дэд захирлаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр сонгуульт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч Эрдмийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөв. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын дагуу илээр нэр дэвшүүлэн нууц санал хураалт явуулсаны дүнд ШУС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Д.Сайнбилэгт 86 хувийн саналаар Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
  3. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Х.Сэлэнгэ танилцуулав. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд МУИС-ийн дүрмийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулан Удирдах зөвлөлөөр батлуулсны дараа түүнд нийцүүлэн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал шүүмжлэлийн дагуу энэ удаа МУИС-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцсэн бөгөөд эл асуудалтай холбоотой 11 гишүүн асуулт асуун 8 гишүүн санал хэллээ. Эрдмийн зөвлөлийн гишүүдээс МУИС-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар олон санал гарсан учир дараагийн хурлаар үргэлжүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Хурал 14.20 эхэлж 19.50 өндөрлөлөө.