2017 онд “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдаж эхний үе шат амжилттай хэрэгжиж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хор уршгийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Иймд Монгол Улсын Их Сургууль нь оюутан, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, уг гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийг судлах чиглэлээр Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтын ажиллагааны эхлэл болгон өнөөдөр /2019.02.21/ тус газрын удирдлагууд болон МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Бадамдаш, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, зорилтын талаар санал солилцлоо.
Цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсонд МУИС-ийн захиргаа, хамт олны зүгээс Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлье.
Оюутан, төгсөгчийн хэлтэс