МУИС-ийн профессор У.Эрдэнэбатын “Монголын эртний нийслэл Хархорум” номын нээлт боллоо

Share Button

БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн профессор, доктор Уламбаярын Эрдэнэбатын “Монголын эртний нийслэл Хархорум” судалгааны бүтээлийн нээлт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Номын нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачид, Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг дарга Л.Энхбат, Орхоны хөндийн “Дэлхийн өв”-ийн тусгай хамгаалалттай газрын дарга Ё.Отгонбаяр, Монгол-Герман Хархорум экспедицийн судлаачид, бусад судалгааны байгууллагын төлөөллүүд оролцлоо.

2020 онд Хархорум хотын 800 жилийн ой тохионо. Энэхүү их ойг тэмдэглэх ажлын түүчээ болж, уг судалгааны бүтээл хэвлэгдэн гарлаа. Доктор У.Эрдэнэбат эл бүтээлдээ Хархорум хот бол зөвхөн монголчуудаар зогсохгүй XIII зууны дэлхийн соёл иргэншил, худалдаа арилжааны томоохон төв байсныг түүх, археологийн баримт, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнд тулгуурлан гаргажээ. Цаашид Хархорум хотын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монголын эртний нийслэл Хархорум” номыг англи хэлээр орчуулж, гадаад ертөнцөд түгээхээр төлөвлөж байна.