Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Share Button

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Японы Мэйжигийн их сургуулийн профессор, RBA International байгууллагын үүсгэн байгуулагч доктор Нобүхиро Күмэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Профессор Нобүхиро Күмэ МУИС-ийн захирал Я. Төмөрбаатарыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд Монгол улсад олон удаа ирж хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулж байсан тухайгаа дурдлаа.

Мөн тэрээр орчин үед хотжилт, хот төлөвлөлт нь хүн амын аз жаргалтай сайн сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхэд яаж нөлөөлж байгаа, хотын хүн ам ямар хэмжээтэй, ямар стандарттай газар амьдрах хэрэгтэй байгаа талаар, агаарын бохирдол, түгжрэл, бусад цаг агаарын хүчин зүйлүүд улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд яаж нөлөөлж байгаа талаар судлахад хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар онцоллоо.

Энэхүү зорилгын хүрээнд 2019 оны намар  “Хотын иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжил” сэдэвт олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсад зочилж буйгаа профессор Нобухиро Күмэ дурдаад  форумд Япон, БНХАУ-ын төрийн байгууллага болон их, дээд сургуулиудын эрдэмтэн, докторуудыг урьж оролцуулахаар төлөвлөгөөтэй байгааг захирал Я. Төмөрбаатарт танилцуулав.

Захирал Я.Төмөрбаатар энэхүү саналыг талархан хүлээн аваад МУИС-ийн зүгээс холбогдох тэнхмүүдийн  багш, судлаачдыг оролцуулах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын талууд олон улсын хурал зохион байгуулах, цаашдаа хоёр их сургуулийн хамтарсан судалгаа шинжилгээний ажлаар дамжуулан  Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бий гэдэгтэй санал нэгдлээ.

RBA International байгууллагын тухай

Япон улсад үйл ажиллагаагаа явуулдаг RBA International байгууллага (http://www.rbai.jp/en/) нь Reform By Action буюу “Үйлдлээрээ өөрчилцгөөе” уриан дор олон улсын хүүхэд, залуучуудыг боловсрол, соёл, урлаг, спортын харилцааны тусламжтай харилцан ойлголцолд хүргэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хүмүүнлэгийн байгууллага юм.

Монгол Улстай 1992 оноос холбоотой ажиллаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн амжилттай хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:

  1. Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Монгол-Япон-Хятад улсын үндэсний бүжгийн тоглолт” Соёлын төв өргөөнд 2017 оны 09 дүгээр сарын 23-нд зохион байгуулжээ.
  2. Япон улсын газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран “Төрийн захиргааны манлайлал” сэдвийн хүрээнд удирдах албан тушаалтнуудын сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 27-нд Төрийн ордонд зохион байгуулсан.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС