ЯПОНЫ ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Share Button

МУИС-ийн ХХИС, ГГС, МКС-ийн захирал доктор Б.Очирхуяг, В.Батцэнгэл, Л.Алтангэрэл нар энэ сарын 14-21-ны хооронд Япон улсын Токио Хотын Их Сургууль, Ёкохамагийн Үндэсний Их Сургуулиудад тус тус ажиллаад ирлээ.

Ажлын айлчлалын дүнд Токио Хотын Их Сургуулийн ректор професор Fumio Harashima, Шинжлэх ухаан, инженерийн төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yutake Okabe, Хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yoshio Sugiura нартай уулзан ажил хэргийн яриа өрнүүлэв. Айлчлалын хүрээнд ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, ГГС-ийн захирал В.Батцэнгэл, Токио Хотын Их Сургуулийн Хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төгсөлтийн дараах сургуулийн декан, профессор Yoshio Sugiura нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд газарзүй, хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны судалгаа, хэрэглээний хими, аялал жуулчлалын чиглэлээр багш оюутны солилцоо явуулах, ахисан түвшний сургалтанд оюутан сургах, сургалт судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн МКС нь тус сургуулийн Шинжлэх ухаан, инженерийн төгсөлтийн дараах сургуультай хамтран математикийн чиглэлээр ахисан түвшний сургалтанд оюутан сургах, багш судлаачдыг мэргэжил дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар тогтлоо. Цаашид бүрэлдэхүүн сургуулиудын хооронд байгуулагдсан гэрээг өргөжүүлэн Токио Хотын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хоорондын гэрээг байгуулж байгаль, нийгэм ухааны чиглэлээр хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдлээ.

ХХИС нь Ёкохамагийн Үндэсний Их Сургуулийн Инженерийн факультеттай 2007 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж нано технологи, симуляци тооцооллын чиглэлээр хамтарсан судалгаа явуулан дундын судалгааны лаборатори байгуулах, докторын түвшний сэндвич программын сургалт явуулах, магистр, докторт оюутан сургах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн  ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Ёкохамагийн Үндэсний Их Сургуулийн Инженерийн факультетийн декан, профессор Osamu Ishihara нар хамтын ажиллагааны гэрээг сунган үзэглэв. Уг гэрээгээр хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлыг харилцан тохирсны дотор хамтарсан судалгааны чиглэлийг өргөтгөн материал судлал, биохими, хүрээлэн буй орчны судалгаа, тооцооллын чиглэлээр хими, математик, биологи, газарзүйн чиглэлээр салбар дундын хамтарсан судалгааг хэрэгжүүлэхээр тогтов.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар