“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2019” эрдэм шинжилгээний анхдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

“Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2019” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Монгол Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулиуд хамтран зохион байгуулсан бөгөөд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар дэмжин оролцлоо. Энэхүү хурлаар агаарын бохирдол ба шийдэл; хог хаягдлын менежмент; хөрсний бохирдол ба  шийдэл; усны бохирдол ба шийдэл гэсэн үндсэн дөрвөн салбар сэдвийн хүрээнд сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүн, Монгол орны байгаль орчны асуудлын талаар илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцсоноор салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй хурал боллоо.

Хуралд МУИС-ын ШУС-ийн Химийн тэнхим, Газарзүйн тэнхим, Цөмийн физикийн судалгааны төв, ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, ШУТИС-ийн БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбар, ЭХС-ийн Дулааны инженерийн салбар, МГТИС-ийн инженерчлэлийн сургууль, ШМТДС-ийн инженерчлэлийн тэнхим, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, МХЕГ-ийн Үндэсний лавлагаа лаборатори, Оюу Толгой ХХК, Ногоон титэм ХХК, Грийн Химистрий ХХК, И Эс Си Си ХХК зэрэг байгаль орчны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйл ажиллагаа эрхэлдэг 37 байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцож нийт 33 илтгэл хэлэлцэв. Тус хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хүрээлэн буй орчин ба инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС-ХШУИС, МУИС-ШУС, ШУТИС-БАС, ШУТИС-ЭХС, ШМТДС, ГМТИС-ын оюутнууд оролцсоноос дараах илтгэлүүд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Бакалаврын түвшинд:

1-р байр: Д.Ганбилэг Төмрийн соронзон нанопартикл ашиглан арьс ширний үйлдвэрийн хаягдал усан дахь хромын агуулгыг бууруулах (ШМТДС)

2-р байр: Г.Бат-Эрдэнэ Амины орон сууцны дулаан алдагдлын тооцоолол, дулаан алдагдлыг бууруулах (ШУТИС, ЭХИС)

3-р байр: Г.Буянзаяа, Аадар бороо орох аэро-синоптик нөхцлийн бүтцийн задлан шинжилгээ (МУИС, ХШУИС)

 

Магистрын түвшинд:

1-р байр: Д.Адъяасүрэн, Ахуйн хуванцар хаягдлыг пиролизын аргаар боловсруулах (МУИС, ХШУИС)

2-р байр: Б.Нинжбадгар, Газрын тосоор бохирдсон хөрсийг биоремедиацийн аргаар цэвэрлэх (МУИС, ШУС)

3-р байр: Б.Өсөхбаяр, Ил задгай хаягдсан хатуу хог хаягдлын экологийн ул мөрийн судалгаа: ГТБЦГ-ын жишээн дээр (МУИС, ХШУИС)