ЦОО ШИНЭ СЭТГҮҮЛ МЭНДЭЛЛЭЭ

Share Button

Ойрын арван жилд МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд “Монгол судлал бол МУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл мөн” гэж тодорхойлсны дагуу олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь 2000 онд байгуулагдсан МУИС-ийн Монгол Судлалын Төвийг 2011 оны 8 дугаар сараас Монгол Судлалын Хүрээлэн болгон өргөтгөх шийдвэр байсан бөгөөд тус хүрээлэн байгуулагдаад бараг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус хүрээлэнгээс монгол судлалын чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч, төрөл бүрийн ажил санаачилж байгаагийн нэг нь тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс санаачилан дөнгөж саяхан шинээр мэндэлсэн “Mongolia: Area and Culture Studies” (ISSN 2227-8451) сэтгүүл билээ.

Олон Улсын ISSN тусгай дугаартай энэ сэтгүүлийн зөвлөлийг дэлхийн монгол судлалд нэр хүндтэй, одоо монгол судлалаар ид ажиллаж байгаа төрөл бүрийн салбарын эрдэмтдээс бүрдүүлсэн бөгөөд олон хэлээр гарах энэ сэтгүүл монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хэн бүхэнд нээлттэй байх аж. Уг сэтгүүл нь Монголын судлагааны маш өргөн хүрээнд ялангуяа Монголын эдийн засаг, нийгэм, улс төр, хүмүүнлиг, орон судлалын салбарыг хамаарч байгаагаараа энэ чиглэлийн бусад сэтгүүлээсээ ялгарах онцлогтой бөгөөд хагас жил тутам хэвлэж, дэлхийн монгол судлалын төвүүдэд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн энэ чиглэлээр судалгаа хийдэг Монголын болон гадаадын залуу монгол судлаачдын бүтээлийг дэмжих талаар илүү анхаарч байгааг сэтгүүлийн зөвлөлийн дарга онцолж байна.

Та бүхнийг Монгол судлалын шинэ сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлж дэлхийн монгол судлаачдын хүртээл болгохыг хүсэж байна. Эрдэмтэн судлаач та бүхэн info_ims@num.edu.mn хаягаар Монгол Судлалын Хүрээлэнтэй холбоо барина уу?

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар