МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн докторант Б.Батзориг нь Зүүн болон Зүүн Өмнөд Азийн гео-шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг зохицуулах хороо (Coordinating Committee for Geoscience Programmes in East and Southeast Asia (CCOP))-ны 2026 оны Зүүн Азийн гео-шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны судалгааны (EAGER) төсөл/ Рик Терманы шагналын эзнээр шалгарчээ.
Докторант Б.Батзориг судалгааны үр дүнгээрээ олон улсын сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлээд байгаа бөгөөд түүний судалгаа идэвхтэй хагарлын судалгаа, газар хөдлөлтийн аюулын үнэлгээ болон газар ашиглалтын төлөвлөлтөд практик ач холбогдолтой болохыг өндрөөр үнэлж Хорооны Зөвлөх багийн Үнэлгээний хороо уг шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.
Зүүн Азийн гео-шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны судалгааны төсөл/Рик Терманы 2026 оны шагналыг 2026 оны 10 дугаар сарын 27-нд Японы Цукуба хотод гардуулна. Докторант Б.Батзоригийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар профессор Х.Уламбадрах, дэд профессор Э.Алтанболд нар ажиллаж байгаа юм.
Рик Терманы шагналын тухай
2019 оны 3-р сард Тайланд Улсын Самуй аралд зохион байгуулагдсан CCOP-ын Удирдах хорооны 72-р хуралдаанаар Америкийн Геологийн Албанаас олгох Зүүн Азийн гео-шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны судалгааны (EAGER) төсөл/ Рик Терманы шагналыг баталж байжээ.
CCOP-ын Хүндэт зөвлөх агсан доктор Морис Ж. “Рик” Терман (Maurice J. “Ric” Terman)-ы байгуулсан итгэлцлийн сангийн хөрөнгөөр санхүүждэг EAGER төсөл нь CCOP-ын гишүүн орнуудын залуу эрдэмтдийн гео-шинжлэх ухааны чиглэлээр хийж буй өндөр чанартай судалгааны ажлыг амжилттай дуусгахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус шагнал нь докторын хөтөлбөрийн нэг суралцагчид $5000, магистрын хөтөлбөрийн хоёр суралцагчид тус бүр $2500 олгодог байна.
Докторант Б.Батзоригт баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
ШУС-ийн БУС-ын Геологи, геофизикийн тэнхим

