МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ЗУНЫ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Share Button

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн монголын судлал төдийгүй монголын түүх, хэл соёлтой холбоотой бүх төрлийн төсөл хөтөлбөрийг дэмжиж оролцох, хамтран ажиллах бодлого барьж байгаа бөгөөд энэ хүрээнд, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын Их Сургуулийн (ХГСИС) Олон хэл, соёл судлалын Хүрээлэнтэй хамтран 10-12 настай солонгос аавтай, монгол ээжтэй хүүхдүүдийг хоёр дахь эх орных нь хэл соёлтой нь танилцуулах зуны сургуулийг 8 дугаар сарын 5-13 нд зохион байгууллаа. Уг төслийг Солонгосын засгийн газраас олон үндэстний хүүхдүүддээ зориулан зориуд хэрэгжүүлж байгаа бөгөөд гагц Монгол биш Япон, Индонези, Вьетнам зэрэг оронд мөн зэрэг зохион байгуулж, электрониксийн LG компани бүгд 5 тэрбум воноор ивээн тэтгэж байгаа ажээ. Монгол хэл соёлын зуны сургуульд 3 охин, 5 хүү, 5 багш оролцсон бөгөөд LG компанийн телевизийн баг хамт ирж бүрэн хэмжээний сурвалжлага хийлээ.

Шалгаруулалтыг БНСУ-д нийтэд нээлттэй зарлаж эдгээр 8 хүүхдийг 300 хүүхдээс сурлага, урлаг, спорт, эсээ бичлэг зэрэг олон хэлбэрээр шалгаруулж авсан бөгөөд бараг ихэнхи нь монгол хэлээр бараг ярьдаггүй жаахан ойлгодог, бүгд шахуу Монгол орондоо ирж үзээгүй хүүхдүүд байсан бөгөөд 7 хоногийн хугацаанд монгол хэлний хичээл хийж, монголын хот, хүрээ, хөдөөний соёл, мал аж ахуйтай танилцаж, эмээ өвөөтэйгээ уулзаж, Монгол бол миний хоёр дахь эх орон, миний ээжийн сайхан нутаг гэсэн сэтгэгдэлтэй буцлаа. Тэдэнд хэдийгээр монголоор чөлөөтэй сэтгэх, ярих харилцах чадвар байхгүй ч Монгол гэсэн сэтгэл тэдний зүрх сэтгэлд байгаа нь мэдрэгдэж байлаа.

Зуны сургуулийн төгсгөлд сурагчид “МУИС, ХГСИС-ийн хамтарсан монгол хэл соёлын зуны сургуульд амжилттай оролцлоо” хэмээх гэрчилгээ хүлээн авч баяр хөөр дүүрэн аав ээждээ буцлаа.

Ийм төрлийн зуны сургуулийг энэ жилээс жил бүр хийж байхаар хоёр тал тохиролцож, сургалтын хөтөлбөр, аялалын бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах талаар зуны сургуулийн явцад харилцан санал солилцож, цаашид олон хэлбэрээр  хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллахаар тохиров.

Ж.Бат-Ирээдүй (МСХ)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар