Эргийн шувууны олон улсын зуны сургалт-2012

Share Button

Эргийн шувуудын Олон улсын зуны сургалтыг МУИС-ийн Шувуу Судлалын Лаборатори болон Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн судлаачид Улаанбаатар хот болон Булган аймгийн нутагт амжилттай зохион байгуулав.

Эргийн шувуу гэх бүлэгт гол, нуур зэрэг усан сангийн эрэг орчмоор амьдрах хавтгаалж, элсэг, цууцал, хилэнжигүүрт зэрэг шувууд багтана. Эдгээрийн амьдрал нь далай тэнгис, гол мөрөн, нуур, цөөрмийн эрэгтэй холбоотой. Эдгээр шувуу нь алс нүүдэллэдэг, ус намгархаг газрын бохирдлын чухал индикатор болдог, бууж амралгүй 8000-10000 км алс нисдэг, нүүдлийн замдаа 22 улс орныг дамждаг, хүний нөлөөнд олноор өртдөг зэрэг онцлогтой.

Монгол орон бол нийт 58 зүйл эргийн шувуудын амьдрах нутаг юм. Тэд Азийн хойд хэсгийн тундр, тайга, ой, хээрт үржээд Австрали, Африк болон Зүүн Өмнөд Азийн олон оронд өвөлждөг. Монгол орон дэлхийд ховор олон зүйл эргийн шувуудын үржих, нүүдлийн үедээ дайрч өнгөрөх, амрах, хүчээ сэлбэх чухал бүс нутаг тул олон улсын хувьд эргийн шувуудын судалгаа, хамгааллын онцгой ач холбогдолтой. Харамсалтай нь энэ бүлэг шувуудын судалгаа, хамгааллын ажил манай оронд бага зохион байгуулагдсан нь олон хүчин зүйлээс хамаардаг. Ялангуяа манай оронд боловсон хүчин хангалтттай бэлтгэгдээгүй нь дээрх чиглэлийн ажил хангалтгүй байдгийн нэгэн шалтгаан мөн. Иймээс Монгол Улсын Их Сургуулийн Шувуу Судлалын Лаборатори, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Ветланд Интернэйшнл байгууллага хамтран санаачилж, анх удаагаа манай улсад эргийн шувуудын Олон улсын сургалтыг МУИС-ийн Шувуу судлалын лабораторийн магистр, доктор оюутнууд, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн гишүүд болон бусад байгууллагын судлаачдад зориулан 2012 оны 8-р сарын 9-16-нд МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуульд амжилттай зохион байгуулав.

Уг олон улсын сургалтыг Өмнөд Солонгос улсын Хүрээлэн буй Орчны Яам санхүүжүүлж, Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам дэмжин ажиллав. Уг сургалтанд Авсрали-Азийн Эргийн Шувуу Судлах Ажлын Бүлэг, Ветланд Интернэйшнл, Өмнөд Солонгос улсын Жежу Их Сургууль, Өмнөд Солонгос улсын Хүрээлэн буй Орчны Яамны Нүүдлийн Шувууны Төв, Монголын Шувуу Судлалын  Нийгэмлэг, МУИС зэрэг Олон улсын болон үндэсний мэргэжлийн сургагч 5 багш оролцож, эргийн шувуудын зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, амьдралын хэв маяг, тэдгээрийг аюулгүй аргаар барих, зүйл, нас ба хүйсийг тодорхойлох, нүүдлийг өнгөт бөгж, сансарын дамжуулагч ашиглан судлах арга, аргачлалыг онол болон практикийн өндөр төвшинд заан сургаж, сургалтыг баталгаажуулан сургалтын гэрчилгээг сургалтанд оролцогчдод гардуулав.

Сургалтанд МУИС-ийн Шувуу Судлалын Лаборатори, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монголын Шувуу Бөгжлөлийн Үндэсний Төв, Хустайн Байгалийн Цогцолборт Газар, Чингис Хаан Нисэх Онгоцны Буудал, Эрүүл Мэндийн Яамны Харъяа  Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Зэрлэг Амьтан Судлах Нийгэмлэг зэрэг үндэсний болон олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 10 орчим суралцагч оролцов.

Булган аймгийн Баян нуур сумын Баян нуурт хээрийн сургалтын ажлыг зохион байгуулж, манай орноос Австрали, Шинэ Зеланд болон Зүүн Өмнөд Ази руу нүүдэллэдэг олон зүйл шувуудыг барьж, Монголын Шувуу Бөгжлөлийн Төвийн “хөх ба ногоон” өнгөтэй хөлний далавчит бөгжийг зүүв. Хөх ба ногоон өнгө бүхий далавчит бөгжтэй шувуу харсан тохиолдолд info@mos.mn болон  gomboo@num.edu.mn хаяг, эсвэл МУИС-ийн Шувуу Судлалын Лаборатори руу мэдээллээ илгээвэл бид талархах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Шувуу Судлалын Лабораторийн эрхлэгч С.Гомбобаатараас (gomboo@num.edu.mn; info@mos.mn) авч болно.

Англи хэл дээрх мэдээлэл http://www.eaaflyway.net/partnership-news.php эсвэл www.mos.mn байна.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар