ББС-ийн Ургамал судлалын тэнхимээс хариуцан хэрэгжүүлж байгаа Герман, Монгол, Хятадын хамтарсан “Монгол-Хятадын хил дамнасан Алтай-Зүүнгарын бүс нутагт усны нөөцийн хомсдол, эрчимтэй газар ашиглалттай уялдсан судалгаа, бодлогыг дэмжих” (WATERCOPE) төсөл Ховд аймгийн Булган гол болон Хятадын Үрэмчийн Чин гол (Quing river)-ын савд 2012 оны 5 сараас хэрэгжиж эхэллээ. Төсөл Хөдөө аж ахуйг дэмжих олон улсын байгууллага (International Fund for Agricultural Development)-ийн дэмжлэгтэйгээр 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.
WATERCOPE бол Алтай-Зүүнгарын хээр, заримдаг цөлийн эмзэг экосистемийн хазгаарлагмал нөөцөд уур амьсгалын үзүүлэх нөлөөллийг сааруулах технологи боловсруулж туршин хэрэгжүүлэх хүрээнд судлаачид, мал аж ахуй газар тариалан эрхлэгчид, бүх шатны бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн оролцоог хангах зорилготой судалгаа-хөгжлийн төсөл юм.
Төсөлд МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургууль, ХААИС-ийн Биологийн Нөөцийн Менежментийн Сургууль болон Эдийн Засаг, Бизнесийн Сургууль, Герман улсын Касселийн Их Сургууль, Геттенгений Их Сургууль, Бонн Их Сургууль, Гөрлиц дэх Зенкенбергийн Музей, БНХАУ-ын ШУА-ийн Шинжаан дахь Экологи, Газарзүйн Хүрээлэн, БНХАУ-ын ХААИС-ийн Байгалийн Нөөц, Хүрээлэн буй Орчин Судлалын коллеж зэрэг олон байгууллагын профессор, багш, судлаач, докторант, магистрант оюутнууд хамтран ажиллах юм.
Төслийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр судалгааны ажил хийгдэнэ:
– Уур амьсгалын үзүүлэлтүүд, тэдгээрийн өөрчлөлт (Climate variability & Change)
– Усны эргэлт, аюулгүй байдал (Water Cycle & Security)
– Хөрсний үржил шим, түүний менежмент (Soil Fertility Management)
– Бэлчээрийн бүтээмжит чанар (Rangeland productivity)
– Ядуурлыг бууруулах Бодлого ба Амьжиргааг дэмжих (Poverty Reduction, Policies & Livelihoods)
Монголын талаас Б. Оюунмөнх (WWF) “Алтай-Зүүнгарын бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үерийн давтамж өөрчлөгдөх нь (Булган ба Үенч-Бодонч голуудын сав газрын жишээгээр), Ө. Байгаль (МУИС-ийн докторант) Булган голын агроэкосистем дэх бодисын эргэлт, Ч. Оюундарь (МУИС-ийн ГГС-ийн багш) Булган голын ай савын ургамалжилтад мал бэлчээрлэлтийн нөлөө, Ц. Мөнхнасан (ХААИС-ийн докторант) Малын бүтээмжит чанар, Г. Ганзориг (ХААИС-ийн багш) Мал аж ахуй эрхлэгчдийн талаар төрөөс баримтлах бодлогын шинжилгээ сэдвээр тус тус докторын, Ц. Дэжидмаа (МУИС-ийн магистрант) бэлчээрийн ургамлын олон янз байдал сэдвээр магистрын судалгааны ажил тус тус хийнэ.
Судлаас оюутнууд судалгааны сайт дээр 5-6 сар ажиллаж өгөгдөл цуглуулах ба бусад хугацаанд Герман, Хятдын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, МУИС, ХААИС дээр судалгааны ажилаа үргэлжлүүлэх юм.