Жил бүрийн 9 сарын 21-ний өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн энх тайвны өдөр болгон тэмдэглэх тухай зарласан билээ. Энэ өдөр дэлхийн даяар зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг уриалж, дэлхийн өнцөг булан бүрт Энх тайвны хонхыг цохидог уламжлалтай.
Энэхүү өдрийг МУИС-ийн ОУХС, Дэлхийн энх тайван найрамдлын Монголын холбоо, Цэнхэр Сүлд ТББ-тай хамтран уламжлал болгон 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн үйл ажиллагааны онцлог нь цөмийн зэвсгийн аюулаас болгоомжилж, зэвсэглэлийг хураах асуудлаар Японы энх тайвны төлөө үйл ажиллагаа явуулдаг “Цөмийн зэвсгийг устгах хөдөлгөөн”-ий Хирошима дахь залуучуудын салбар хорооноос бидэнтэй нэгдэн Монгол улсын ерөнхийлөгч болон монголын ард түмэнд цаасан шувуу илгээсэн явдал байлаа. Цөмийн аймшгийг туулж гарсан Японы ард түмний сэтгэлийн илгээмж болсон энх тайвны 1000 ширхэг цаасан шувууг захидлын хамт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлан өгөхийг хүсч албаны хүнд гардуулан өгсөн юм.
Энх тайвны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд “Цэнхэр нүд” ТТБ-ын тэргүүн доктор н.Мягмар, Дэлхийн энх тайван найрамдлын монголын холбооны захирал Д.Цахилгаан, ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг нар хүрэлцэн ирж Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуустай уулзаж, энэхүү өдрийг тэмдэглэхийн учир холбогдлын тухай ярилцсан юм. Мөн энэ өдрийг угтаж зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан нэгдүгээр ангийн оюутан Нандин-Эрдэнэ, Билгүүдэй, Намхайдорж нарт шагналыг гардуулан өглөө.