“Тоон ертөнц-2020” улсын олимпиад боллоо

Share Button

Их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Тоон Ертөнц – 2020” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем – зайнаас тандан судлалын  Улсын VIII олимпиад 2020 оны 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдлаа.

Энэхүү олимпиадын зорилго нь нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу улам бүр өсөн нэмэгдэж байгаа газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан түүнийг ашигладаг экологи хүрээлэн буй орчин, геологи, уул уурхай, барилга архитектор, хот төлөвлөлт, цаг уур, газар ашиглалт, мониторинг, инженерчлэл, нийгэм, эдийн засаг, зурагзүй, түүх, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын эзэмшсэн онол, практикийн мэдлэг, ур чадварыг сорих, хөгжүүлэх, ГМС, ЗТС-ын арга технологийг нийтэд сурталчлахад оршино. Түүнээс гадна Монгол улсын их дээд сургуулиудын газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лабораториуд, түүний судалгаа шинжилгээний ажлыг сурталчлах, оюутнуудын геомэдээллийн онол практикийг дээшлүүлэхэд чиглэгдсэн.

Манай улсын их дээд сургуулиуд ээлжлэн зохион байгуулдаг энэхүү улсын олимпиадыг энэ жил Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн Сургуулийн хамт олон зохион байгуулсан бөгөөд шүүгчийн бүрэлдэхүүнд ХААИС, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас гадна ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн Зайнаас тандан судлал-оронзайн загварчлалын хэлтсийн эрхлэгч академич Д.Амарсайхан, Онцгой Байдлын Ерөнхий Газрын Оронзайн мэдээлэл технологийн тасгийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа зэрэг энэхүү салбарын тэргүүлэгч  эрдэмтэн судлаачид ажиллалаа.

Улсын олимпиадад Монгол улсын өнцөг булан бүрээс онлайнаар ХААИС, МУИС, ШУТИС, Дарханы ХААИС-ийн салбар, МҮИС-аас нийт 27 оюутан оролцлоо. Оролцогчид гэрийн даалгаврын гүйцэтгэл, судалгааны илтгэл болон онолын мэдлэгээрээ өрсөлдөн эхний 5 байрыг шалгарууллаа. Тэргүүн байранд МУИС-ШУС – Байгаль орчныг зайнаас тандан судлал 4-р ангийн оюутан Б.Батболд, Хоёрдугаар байранд ХААИС – Агроэкологийн сургуулийн Газар зохион байгуулалт 3-р ангийн оюутан Э.Оюунбилэг, Гуравдугаар байранд ХААИС – Газрын кадастрын 4-р ангийн оюутан Э.Наранбаатар, Шагналт байранд МУИС- Байгаль орчныг зайнаас тандан судлал 3-р ангийн оюутан Ц.Занданбат, МУИС- Байгаль орчныг зайнаас тандан судлал 4-р ангийн оюутан С.Билгүүн нар тус тус эзэллээ.

МУИС, Байгаль орчныг зайнаас тандан судлал 4-р  ангийн оюутан Б.Батболд

Тус олимпиадад амжилттай оролцсон нийт оролцогчдодоо цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар