Дэлхийн дотоод тогтоцын онцлог, түүний динамик нөлөө газрын гадаргад хэрхэн нөлөөлж байгаа нь орчин үеийн гео-шинжлэх ухаанд томоохон сорилт болж байгаа шийдвэрлэх асуудлуудын нэг юм. “Дэлхийн гүний хайгуул ба ТопоАзи-2026” олон улсын симпозиум (2026 International Symposium on Deep Earth Exploration and TopoAsia) нь энэ асуудлыг шийдвэрлэхэд гарч байгаа ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг томоохон чуулган юм. ТопоАзи нь Олон Улсын Литосферийн Хөтөлбөр (International Lithosphere Program)-өөс санал болгосон олон улсын гео-шинжлэх ухааны албан ёсны санаачлага бөгөөд Тогтвортой Хөгжлийн төлөөх Шинжлэх Ухааны Олон Улсын 10 жил (International Decade of Sciences for Sustainable Development)-ийн хөтөлбөр болно.

МУИС тус симпозиумын дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ба Үндэсний Геологийн Албатай хамтран “The Mongolian Plateau: A natural laboratory for accretionary tectonics and topographic evolution” сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулахаар ажиллаж байна. Салбар хуралдаанд Геологи, геофизикийн тэнхимийн багш нар аман болон ханын илтгэл хэлэлцүүлнэ.
Симпозиум 2026 оны 11 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах ба симпозиумын олон улсын эрдэм шинжилгээний хороонд Геологи, геофизикийн тэнхимийн профессор Х.Уламбадрах ажиллаж байна.
ШУС-ийн БУС-ын Геологи, геофизикийн тэнхим

