Манай эрдэмтдийн хамтарсан судалгаа дэлхийд үнэлэгдэн хэрэгжиж эхэллээ

Share Button

Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development)  хөтөлбөрт  МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран 3 дахь удаагаа дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл 2019 оны 5 дугаар сард шалгарч 2020 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхлээд байна.

Уг төслийн танилцуулах уулзалт өнөөдөр /2021.01.26/ боллоо. Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхбат, мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, судалгааны багийн гишүүд оролцов.

Уулзалтыг нээж БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхбат хэлсэн үгэндээ “БШУЯ  манай судлаачид хүчээ нэгттгэх, улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх зорилгоор  салбар дундын судалгааны төсөл хэрэгжүүлэх явдлыг дэмжин ажиллах болно.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хийх зарчмыг баримтлаж байна. Улсын төсвийн бус гадаад, дотоодын эх үүсвэрээс санхүүжилт бүхий салбар дундын судалгааны төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд БШУЯ улсын төсвөөс зохих хэмжээний дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Үүний нэг жишээ нь энэ САТРЕПС төсөл юм” хэмээн цохон тэмдэглэв.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал “МУИС ч гадны эх үүсвэрийн санхүүжилттэй судалгааны төсөл хэрэгжүүлж буй тэргүүлэх судлаачдаа дэмжих, салбар дундын судалгааны соёл төлөвшүүлэхэд өөрийн төсөв, бодлогоор дэмжлэг үзүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлж байв.

Төслийн товч танилуулгыг төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү хийв. Тэрээр “САТРЕПС  хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтөний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнийг нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм. Монгол улсад хэрэгжих дээрх төслийн хүрээнд Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ган, халуун, хүйтэн, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан болон малын эрүүл мэндэд ашиг тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, тэдгээр чанарыг нь нөхцөлдүүлэгч гени, эмт бодисыг нь олж тогтоох, улмаар бэлчээрийн нөхөн сэргээлт, хүн, мал эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Энэ төслийн судалгааны ажилд МУИС-аас гадна ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн (Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Бямбажав), Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн (Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Удвал), Экологийн судалгааны төв (доктор, профессор Ж.Ундармаа),  Ховд их сургууль (доктор профессор Б.Гантөмөр) оролцож байна. Япон талаас Токиогийн их сургууль (профессор Т.Асами, Т.Окүро)-иас гадна Киотогийн их сургууль (профессор Т.Накано), Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль (профессор К.Сасаки), Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн (Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан М.Эбина) оролцож байна. Судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэжээлийн ургамлын шинэ хэлбэр гарган авах, өртөг, мэдлэг шингэсэн, импортыг орлож чадах малын тэжээлийн болон хүнсний нэмэлт бүтээгдхүүний хөгжүүлэлт хийхэд Монос групп, Шинэ ангирт ХХК, дээрхи их сургуулиудын дэргэдэх гарааны компанууд албан ёсоор оролцож байгаа болно.

Төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа их сургуулиуд, компани, аж ахуйн нэгжүүдийн хоорондын олон жилийн  хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл дээр энэ САТРЕПС төсөл шалгарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд  цаашид ч бидний хамтын ажиллагаа соёл болон төлөвшиж, дараа дараагийн үед өвлөгдөнө гэж найдаж байна. Төслийн хүрээнд дээрхи байгуулагуудын холбогдох лабораторуудад өндөр үнэтэй, орчин үеийн  судалгааны багаж төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, материаллаг бааз нь бэхжихийн зэрэгцээ Япон улсаас өндөр мэргэжлийн судлаачид Монголд ирж газар дээр нь судалгааны ажлыг удирдах, залуу судлаачид, магистрант, докторант нарыг дагалдуулан ажиллах төдийгүй, тэднийг Япон улсад урт, богино хугацааны зэргийн болон зэргийн бус сургалт, судалгаанд хамруулах замаар боловсон хүчний чадамж нэмэгдэх” болохыг тэмдэглэв. Профессор Ж.Ундармаа, доктор Г.Удвал, доктор Ц.Бямбажав нар өөр өөрсдийн байгуулага дээр хийгдэх судалгааны ажлаа товч танилцуулнаар энэ удаагийн уулзалт өндөрлөв.

Дашрамд дурдахад, 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн Япон талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд  хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА  байгууллага хариуцан санхүүжүүлэх юм. Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иэн,  ЖАЙКА байгууллагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иэн (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг)  аж.  Энэ төсөл нь хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжих Албан ёсны хөгжлийн хөтөлбөр тул төслийн хүрээнд нийлүүлэгдэх судалгааны багаж төхөөрөмжийг байрлуулах, түүний хэвийн үйл ажиллагааг нь хангах нөхцлийг бүрдүүлсэн судалгааны орон зайгаар хангах, Монголд хийгдэх хээрийн судалгаанд оролцох Монгол судлаачдын томилолт, зам хоног, түлш, шатахууны зардал,  лабораторийн судалгаанд оролцож буй  пост док, магистрант, докторант нарын ажлын хөлс, тэтгэлгийг Монголын тал гаргах үүргийг хүлээж байгаа аж.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар