МУИС-ийн магистр, докторууд дипломоо гардаж авлаа

Share Button

Мэргэшиж буй салбар чиглэлээрээ эрдэм  судлалын ажил хийж, амжилттай хамгаалсан МУИС-ийн магистр, докторууд дипломоо гардаж авах баярт мөч  6-р сарын 21-нд тохиолоо. Улсын Драмын Эрдмийн Театрт болсон диплом гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд МУИС-ийн удирдлага болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд оролцов.

Ахисан түвшинд судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үр дүнг практикт нэвтрүүлэх болон олон улсын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлж,  нийтийн хүртээл болгох нь судлаач хүний эрхэм зорилго байдаг. Энэ зорилгоо амжилттай биелүүлж, сонирхол татсан сэдвээр бүтээлээ туурвисан олон магистр, доктор энэ жил МУИС-иас төрөн гарчээ. Тухайлбал, Хэл шинжлэлийн ухааны доктор Э. Сонинтогосын     “Телевизийн зар сурталчилгааны хэлний онцлог”, Математикийн ухааны доктор  С. Батбилэгийн     “D.С. програмчлал ба түүний тоглоомын онолын хэрэглээ”,  Урлаг судлалын ухааны доктор Д. Энхцэцэгийн   “Хуурын татлага монголын хөгжимт соёлын феномен болох нь”    Физикийн ухааны  доктор  Л. Ням-Очирын     “Давхар вольфрамитын кристалл болон соронзон бүтцийн судалгаа” сэдэвт бүтээлүүд нь онолын мэдлэгийг практикаар баталгаажуулсан,  шинэлэг бөгөөд ач холбогдолтой эрдмийн ажил болжээ. Түүнчлэн    “Япон Монголчуудын цагаан сарын зан үйлийг харьцуулах нь”,  “Орон сууцны үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлүүлэх эрх, түүнийг хангах арга зам”, ” Ураны талаар Монголын төрийн гадаад бодлого”, “Хангайн нурууны төв хэсгийн ургамалжилтыг зайнаас тандан судлал , газар зүйн мэдээллийн систем ашиглан тодорхойлох нь”, “Өнгөт нэгдлээр өдөөгддөг нарны зайн үүсгүүрийн (DSSC) судалгаа”, “Монголчуудын хэрэглэж ирсэн хөгжмийн эгшгийн тэмдэглэгээ” зэрэг сэдэвт салбар салбарын шилдэг магиструудын бүтээл нь  цаг үеийн шаардлага хангасан, сонирхол татсан судалгаа  болсныг онцлох нь зүйтэй юм.

МУИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилд 400 магистр, 14 доктор төгслөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар