МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн профессор Л.Наранчимэгийн санаачилгаар доктор, профессор Л.Мөнх-Очир агсны нэрэмжит компьютерийн танхимыг түүний төрсөн нутаг болох Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 9 жилийн сургуульд байгуулж хүлээлгэн өглөө. Тус танхим нь Дундговь аймгийн хэмжээнд байгуулж буй 2 дахь компьютерийн танхим болсон. Тус танхимыг байгуулахад БС-ийн захиргаа, НББ-ийн тэнхимийн хамт олон, 20 орчим компани, 10 гаруй хувь хүн, багшийн хань, үр хүүхэд, ах дүү нар дэмжиж ажиллалаа.
Танхимын нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож суралцагч хүүхдүүд төдийгүй сум орон нутгийн иргэд ч ашиглах боломжтой орчин үеийн шаардлага хангасан танхим болсоныг онцлон тэмдэглэж, цаашид тус танхимыг лаборатори болгон гэрчилгээжүүлэх тал дээр аймаг орон нутаг санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийлэв.