Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх, орчлонгийн чанад учрыг танин мэдэх, мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оюун билиг, эрдэм чадвараа зориулж буй МУИС-ийн үе, үеийн эрдэмтэн багш, судлаач, ажилтан та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг МУИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Монгол Улсад орчин цагийн Боловсролын салбар болон Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа түүхэн жил болж байна. 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдахад МУИС-ийн олон шилдэг судлаач багш нар шилжин ажиллаж, ШУА-ийг өсөн бэхжихэд бодит түлхэц үзүүлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
МУИС тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, боловсролыг олгох, төр засгийн аливаа шийдвэр судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байх зарчмын хүрээнд судалгаа, шинжилгээний ажлаа эрчимжүүлэх, чанаржуулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Тухайлбал, Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор МУИС сүүлийн жилүүдэд Монгол Улсаа манлайлж байна. 2017-2021 онд манай сургуулиас 570 өгүүлэл WoS-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлэгдсэн бол эшлэлийн тоогоороо мөн л тэргүүлж өнгөрсөн 5 жилийн хугацаанд 3703 эшлэл авагдсан үзүүлэлттэй байна. Их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авчээ. Өнөөдрийн хүрсэн үр дүн, амжилт бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаач та бүхний нөр их хөдөлмөр, мэдлэг чадварын үр шим билээ.
Монгол Улсын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн багш, судлаач, ажилтан та бүхэндээ Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг дахин дэвшүүлэхийн ялдамд эрдэм судлалын үйлсэд тань амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдье!
МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор
Б.Очирхуяг