“Европ судлал: хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал VI” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Европ судлалын тэнхимээс хариуцан, ШУА-ийн ОУХ-ны хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуультай хамтран 2022 оны 04 дүгээр сарын 08-нд цахимаар амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, МУ-ын Гадаад харилцааны яамны Европын газрын дарга хатагтай Г.Баттунгалаг, Итали улсаас МУ-д суугаа онц бөгөөд элчин сайд хатагтай Лаура Ботта, БНПУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко, ШУА-н ОУХХ, ШУТИС, МУБИС, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дотоод хэргийн Их Сургууль, Мандах Их Сургууль, Монголын Криминологчидын холбоо, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг монголын их дээд сургууль, судалгааны байгууллагаас, түүнчлэн ОХУ-ын Алтайн улсын хүмүүнлэг-сурган хүмүүжүүлэх ухааны их сургууль, Оросын ШУА-ийн Сибирийн салбар, Венецийн Ка Фоскари их сургууль зэрэг гадны байгууллагын 100 гаруй багш эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.
Олон улсын харилцаа, орон судлал, хэл шинжлэл, орчуулга зүй, гадаад хэлний боловсрол гэсэн гурван салбарын хүрээнд нийт 43 илтгэл сонсож хэлэлцсэн байна.
Европын орнуудын хэл соёл, олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг, сургалт судалгаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг шинэ түвшинд гаргах зорилгоор 2017 онд МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимээс санаачлан ШУА, МУБИС, ХУИС, ШУТИС хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд Европ судлал сэдэвт ЭШ хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, мөн Олон улсын бүртгэлийн дугаар бүхий “Европ судлал” хэмээх хянан магадлагаатай ЭШ-ний сэтгүүлийг мөн эрхлэн 6 дахь дугаарыг гаргасан билээ.