МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн нээлт 6 дах жилдээ амжилттай эхэллээ.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд ИТДТ-ийн эрхлэгч Д.Лхагвасүрэн, МУИС-ийн БС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч дэд проф.Д.Энх-Отгон, Сократус Стартап Стидио ХХК-ийн захирал А.Мөнхцог, Гүнд Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нямрагчаа, Ашид ассет менежмент ХХК-ийн захирал А.Батпүрэв болон гарааны компанийн төслийн багийн гишүүд оролцлоо.
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг МУИС-ийн Өвөрзайсан сургалт, судалгааны төвд зохион байгуулсан ба “Зах зээл, хэрэглэгчид, өрсөлдөөнийг тодорхойлох нь”, “Бизнес санааны харьцангуй давуу талыг тодорхойлох, бизнес загварыг боловсруулах нь” сэдэвт сургалт хийж, “Гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт” сэдвээр уригдсан ментор, зөвлөхүүдтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Багш, оюутны стартап 2022” хөтөлбөрт биотехнологи, хүрээлэн буй орчин, экологи, социологи, электроник, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт шинэ технологи боловсруулах, судалгаа хөгжүүлэлт хийх, гарааны компани байгуулах зорилго бүхий 10 багийн 50 гаруй багш, оюутан оролцож байна. Тус хөтөлбөр 2022 оны 09 дүгээр сарыг дуустал үргэлжлэх ба 10 дугаар сард стартап төслийн шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан багт төсөл хэрэгжүүлэх гарааны тэтгэлэг олгох болно.
Инноваци, технологи дамжуулах төв
77307730-1141, tto@num.edu.mn