МУИС-ийн Күнзийн Институт 2012 оны “Дэлхийн шилдэг Күнзийн Институт”-ээр шалгарчээ.
Жил бүр дэлхийн хэмжээнд “Оны шилдэг Күнзийн Институт” 30, “Оны шилдэг хувь хүн” 30-ийг тус тус шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2012 онд 26 шилдэг Институт, 4 шилдэг Танхим шалгаруулснаас МУИС-ийн Күнзийн Институт ийнхүү шалгарч, диплом өргөмжлөл хүртжээ.
МУИС-ийн дэд захирал, Күнзийн Институтын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Р.Ринчинбазар тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны сүүлээр Бээжин хотод хуралдсан дэлхийн Күнзийн Институтын VII их хуралд оролцох үеэр уг шагналыг гардуулсан байна.
2012 оны эцсийн байдлаар дэлхийн 108 улсад нийт 400 гаруй Күнзийн Институт, 500 гаруй Күнзийн танхим ажилладаг ажээ.
МУИС-ийн Күнзийн Институт хятад хэлний сургалт зохион байгуулсан, Монгол улсын хятад хэлний сургалтанд дэмжлэг тусалцаа үзүүлж, хятад хэлний олимпиад, “Хятад хэлний гүүр” бүсийн тэмцээнийг амжилттай зохион явуулж, Монголын оюутан сурагчид дэлхийн “Хятад хэлний гүүр” тэмцээнд амжилттай оролцож эхний байр эзэлсэн, хятад судлалын салбарт шинэ бүтээл туурвисан, эрдэм шинжилгээний хамтарсан хурал амжилттай зохион байгуулсан, хоёр орны соёлын солилцоог хөгжүүлж, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх хэрэгт зохих хувь нэмэр оруулсан зэргийг үнэлж тийнхүү шалгаруулсан байна.
МУИС-ийн Күнзийн Институт 2008 онд байгуулагдсан бөгөөд 2010 онд мөн “Дэлхийн шилдэг Күнзийн Институт”-аар шалгарч байсан юм.