МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Францын Засгийн газраас олгодог “Эрдмийн дал мод” одонгийн II зэрэг буюу Офицер зэргийн одонгоор шагнуулсныг БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиен Сүрүн гардуулан өгөв.
Доктор, профессор Ц.Төрбатын хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа болон дэлхийн археологийн судалгаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Францын дээд боловсрол ба эрдэм шинжилгээний салбарт ажиллагсдад олгодог дээд шагналаар шагнасан байна. Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, НУС-ын захирал Ч.Тамир, УТОУХНУС-ийн захирал С.Мөнхбат, СХЧББГ-ын дарга С.Булгантамир нарын төлөөлөл оролцов.
Ц.Төрбат 1994 оноос хойш тасралтгүй Монгол, Францын хамтарсан археологийн төслүүдэд оролцон ажилласан бөгөөд 2004 оноос хойш хамтарсан төслүүдийн Монголын талын удирдагчаар тасралтгүй ажилласан бөгөөд франц хэлээр хэвлэгдсэн 3 нэгэн сэдэвт бүтээлийн редактор ба зохиогчоор ажилласны дээр Францын судлаачидтай хамтран бичсэн олон өгүүллийн хамтран зохиогчоор ажиллажээ. Түүний удирдсан хамтарсан төслүүд хэд хэдэн археологийн шинж төрлийн дурсгал буюу соёлыг нээсний зэрэгцээ олон зуун олдворыг сэргээн засварлаж Монголын талд хүлээлгэн өгсөн байна.
Одоогоор Ц.Төрбатын удирдсан Монгол, Францын хамтарсан археологийн 3 төсөл МУИС-ийн Археологийн судалгааны төв дээр хэрэгжиж байгаагийн дотор Сорбонны их сургууль, Тулузийн их сургууль, Байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвүүдтэй хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Сорбонны их сургуулийн Эртний урлаг, археологийн сургуультай оюутан солилцоог тогтмолжуулаад байгаа юм.