БНСУ-ын иргэн хүндэт профессор Квон сон хүний нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Share Button

МУИС-д Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сон хүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолыг Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сон Хүн нь Солонгос хэл, судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэн багшаар ажиллаж, МУИС дахь солонгос судлалын сургалт судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол дахь солонгос судлалыг хөгжүүлэх, солонгос хэл судлалын мэргэжилтэн, судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдал, цар тахлын хүнд хэцүү үед солонгос хэл соёлыг амжилттай судалж буй оюутан суралцагчдадаа дэмжлэг үзүүлэн 2020-2021 оны хичээлийн жилд нийт 11 оюутанд 10 сая төгрөгийн тэтгэлгийг хувийн зүгээс олгосон юм. 2021-2022 оны хичээлийн жилд нийт гурван оюутанд гурван сая төгрөгийн тэтгэлэг, 2022-2023 оны хичээлийн жилд нийт дөрвөн оюутанд дөрвөн сая төгрөгийн тэтгэлэг гардуулсан байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийт дөрвөн оюутанд дөрвөн сая төгрөгийн тэтгэлгийг олголоо. Энэ хугацаанд нийт 22 оюутанд 21 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд Оюутны хөгжил эрхэлсэн проректор Д-р, Дэд Профессор Г.Галбаяр, Оюутны хөгжил бодлогын газрын дарга Д-р В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч Д-р М.Эрдэнэчимэг, Хүндэт профессор Квон Сон Хүн, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш Д-р, Профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа, багш Ш.Булгангэрэл нарын төлөөлөл оролцож, шалгарсан оюутнуудад баяр хүргэн, тэтгэлгийн батламж гардууллаа.

Хүндэт профессор Квон Сонхүн оюутнуудад хандан “Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Оюутнуудад тэтгэлэг олгох нь миний хувьд баяртай зүйл. Надад эрдэм ном зааж өгсөн олон сайхан ачит багш нар бий. Ялангуяа монгол хэл бичиг, соёл, түүх, харьцуулсан хэлзүйг монгол багш нараар заалгасан. Шагдарсүрэн, Дамба, Чоймаа, Баярсайхан, Бүрнээ, Сувдаа, Пүрэвжанцан нар бол миний багш юм. Багш нараас зарим нь тэнгэрийн од болсон. Эрхэм багш нарын ачийг хариулна гэж үргэлж бодож байсан. Гэхдээ бүтэн хариулж чадахгүй гэдгийг мэдэж байна. Тэтгэлэг ч гэсэн багш нараас, сургуулиас авсан ажил, өчүүхэн ч гэсэн ач хариулах зүйл гэж боддог. Тиймээс миний сэтгэл баяртай байна. Миний хувьд өгснөөс авсан нь илүү их гэж боддог. Эрдэмтэй багш нар сурах эрмэлзэл ихтэй, цайлган оюутнууд, халуун дулаан уур амьсгал байгаа энэ сургуульдаа үргэлж талархдаг. Өнөөдөр тэтгэлэг авч байгаа оюутнууд та бүхэн цаашдаа эрдэм номд шамдан суралцахыг хүсээд суралцах хугацаандаа зөвхөн мэдлэг олж авах төдийгүй, өөрийгөө зөв авч явбал, ямар ч ажилд хариуцлагатай ажилсаг, бусдад туслах сэтгэлтэй, нийгэмд тустай хүн болохыг хүсэн ерөөе. Энд хүрэлцэн ирсэн бүх багш, оюутнуудад эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.” хэмээн ярилаа.

2023-2024 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртсэн суралцагчид:

  • ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Солонгос) хөтөлбөрийн III түвшний суралцагч Зоригтбаатар овогтой Мөнгөнтуул,
  • ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Солонгос) хөтөлбөрийн III түвшний суралцагч Батболд овогтой Анар,
  • ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөрийн II түвшний суралцагч Лхагвасүрэн овогтой Баярцэнгэл,
  • ХУС-ын Орон судлал (Солонгос) хөтөлбөрийн II түвшний суралцагч Сүхбаатар овогтой Мөнх-Ангараг нар тэтгэлэг хүлээн авлаа.

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар