Програмчлалын ур чадварын анхдугаар тэмцээн “Battle of Coders 2024 ” дүнгээ гаргалаа

Share Button

МУИС, МТЭС-ийн МКУТ болон МУИС-ийн харьяа “Google developers student club” хамтран “Програмчлалын ур чадварын анхдугаар тэмцээн”-ийг 2024 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг Монголын үндэсний програмчлалын олимпиадыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Г.Багаболд, “Google Developer Student Club” нар санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “Databank” ХХК, “Accepted academy“, дэмжин ажиллагчаар СЭЗИС болон Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль тус тус ажиллалаа. Тэмцээнд нийт 12 их, дээд сургуулийн 12 оюутан ур чадвараа сорин амжилттай оролцлоо.

Програмчлалын ур чадварын тэмцээн (Battle of Coders) нь оролцогчид бүсүүдэд хуваагдан ижил бодлогыг өгөгдсөн хугацаанд уралдан халз бодох журмаар өрсөлддөг. Бүс тус бүрээс шалгарсан эхний хоёр оролцогч хасагдах шатанд шалгарна. Ийнхүү шөвгийн найм, шөвгийн дөрөв дэх тоглолтууд явагдаж, шилдэг дөрвөн оролцогчид шалгарч, 3-р байрын тоглолт, 1-р байрын тоглолт явагдаж шилдэг оролцогчдыг шалгаруулдаг.

“Google Developer Studens Club” нь дэлхийн 100 гаруй орны 2100 их сургуульд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Google-ийн технологиудыг ашиглан бусад хөгжүүлэгчтэй уулзан суралцаж хөгждөг оюутнуудын нэгдэл юм.

Тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдсөн оюутнуудаас МУИС-ийн I түвшний оюутан Б.Төрхүү тэргүүн байранд, ШМТДСургуулийн III курсийн оюутан Б.Мөнх-Оргил дэд байранд, ШУТИС-ийн IV курсийн оюутан Л.Гүндалай гутгаар байранд, ОУУИС-ийн IV курсийн оюутан Б.Маралмаа тусгай байранд тус тус шалгарлаа.

Тэмцээний зарим нэгэн амжилтыг дурьдвал хагас шигшээ тоглолтонд МУИС-ийн оюутан Б.Төрхүү зургаан бодлогыг 11 минут 43 секундэд шийдвэрлэсэн амжилт болон гурван тоглолтод өгөгдсөн хугацаандаа багтаж бүх даалгавараа бүрэн гүйцэтгэж програмчлах өндөр ур чадвартайгаа харууллаа. Мөн бусад шөвгийн дөрөвт шалгарсан ШМТД, ШУТИС, ОУУИС оюутнуудын програмчлах ур чадвар нь нийт оюутнуудын дунд өндөр жишиг болж энэхүү тэмцээнийг чимлээ.

Олимпиадад амжилттай оролцсон бүх оролцогчдод тэмцээнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагуудын зүгээс баяр хүргэж сурлага, бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөж байна.

Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармуй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар