Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй шинэхэн төгсөгчдөдөө зориулан ажлын байр дахь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хайх, түүнд өөрийгөө бэлтгэх, хувь хүний чадвараа танин мэдэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цагийн болон урт хугацааны ажлын байранд зуучлах зорилгоор “JOB FAIR – 2024” ажлын байрны үзэсгэлэн, өдөрлөг, сургалтыг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв “Francophone” төвтэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөг, арга хэмжээ 2024 дөрөвдүгээр сарын 09,10-ны өдөр болов.
Өдөрлөгийн хугацаанд:
- Ажлын байранд бэлтгэх, сургалтууд
- Ажлын байрны нээлттэй үзэсгэлэн
- Ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн нарт зориулсан сургалт гэсэн гурван төрлийн үйл ажиллагааг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу явуулав.
Ажлын байранд бэлтгэх сургалтыг Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулсан бөгөөд “КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ” сэдвээр МУИС-ийн төгсөгч, Adepa Investment Solution LLC-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан, “STEPS FOR A SUCCESSFUL INTERVIEW” сэдвээр “Монголиа талент Нэтворк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Индра нар сонирхолтой лекц уншиж, уг сургалтад 80 гаруй оюутан хамрагдав.
Ажлын байрны нээлттэй үзэсгэлэнг Хууль зүйн сургууль, Мэдээлэл технологи, электроникийн сургууль, Номын сан, Багш, оюутны хөгжлийн төв гэсэн газруудад нэгэн зэрэг зохион байгуулж, өдөрлөгийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэв. Мөн ажил олгогч байгууллагуудын зарлаж буй ажлын байрны онцлог, мэргэжлийн чиглэлийг харгалзан байршуулсан нь тухайн мэргэжлийн оюутан сонирхож, мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм.
Нээлттэй ажлын байрны үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 800 гаруй оюутан хамрагдаж, цагийн болон урт хугацааны ажлын байранд 500 орчим оюутан анкет бөглөжээ.
Багш, оюутны хөгжлийн төвийн танхимд Нээлттэй ажлын байрны өдөрлөг үргэлжилж бүх аж ахуйн нэгж, байгууллага нэгдсэн үзэсгэлэнг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулав.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн ажил олгогч байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд:
- Оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг,
- “NUM CAREER” болон Франкофон төвийн хамтын ажиллагааны талаар тус төвийн захирал Б.Алтангүл нар танилцуулга хийж,
- МУИС-ийн вебийн танилцуулгыг ОХТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг танилцуулав.
- Мөн Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн багш дэд профессор Б.Шүрэнцэцэг “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ” сэдвээр лекц уншив.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ