Монгол Улсын Их Сургууль дэлхийн суралцагчдад зориулан MOOC бүтээлээ 

Share Button

МООС буюу нийтэд нээлттэй цахим хичээл нь цаг хугацаа, орон зай, санхүүгийн болон бусад хязгаарлалтаас үл хамааран боловсролыг хүртээмжтэй олгох, технологид суурилсан шинэ эриний суралцагчдад хүрч ажиллах хамгийн сайн жишээ болон хөгжиж байна.  

Дэлхийд эрэмбээрээ тэргүүлэгч их сургуулиуд нийтэд нээлттэй цахим хичээлийг насан туршийн боловсрол олгоход хамгийн тохиромжтой арга хэрэгсэл хэмээн үзэж байна. Түүнчлэн нийтэд нээлттэй цахим хичээлээр дамжуулан их сургуулиуд орлого бүрдүүлэх, технологийн туршилт, сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлэх замаар судалгаа, хөгжлийн шинэ чиглэлүүд гаргах, хамтын ажиллагааг хөгжүүлж дижитал эрин үеийн тогтвортой байдал, өсөлтөд эерэг хувь нэмэр оруулж байгаа юм.  

Дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж буй дээд боловсролын ууган голомт Монгол Улсын Их Сургууль нийтэд нээлттэй цахим хичээл буюу МООС бүтээж олон улсын платформд байршууллаа. Ингэхдээ улсынхаа онцлог, ондоошил, дэлхийн суралцагчдын анхаарал сонирхлыг зүй ёсоор татах нүүдэлчдийн археологийн сэдвээр Монгол Улсын их дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд нийтэд нээлттэй цахим хичээлийг  бүтээн байршуулав.  

Archaeology of Past Nomads on the Mongolian Steppe нэртэй нийтэд нээлттэй цахим хичээлийн багшаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Жаргалан ажилласан бөгөөд 195 орны 20 сая хэрэглэгчтэй дэлхийн шилдэг цахим сургалтын платформуудын нэг болох Future Learn платформд байршуулсан юм. Хэрэглэгч тус цахим хичээлийг 1 сарын 39.99 долларын үнээр үзэх боломжтой.  

Хичээл үзэх холбоос: https://www.futurelearn.com/courses/archaeology-of-past-nomads-on-the-mongolian-steppe  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар