Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болов. Хуралдааны ирц 90.14 хувь байсан бөгөөд ирвэл зохих 71 гишүүнээс оролцсон 64, чөлөөтэй зургаа (А.Амарзаяа, С.Эрдэнэсүх, Ч.Нарантуяа, П.Энхжаргал, Д.Бадмаанямбуу, С.Гэрэлбаатар), ирээгүй нэг (Ч.Ганзориг) гишүүн байв.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам
  2. МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам
  3. МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журам

Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх журмуудыг энэ хичээлийн жилийн хаврын улиралд багтаан Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид, журмуудын ажлын хэсгийнхэнтэй хэд хэдэн удаагийн албан болон албан бус уулзалтуудыг хийн дараах байдлаар ажилласан.

  • Төрөлжсөн Хороодын хамтарсан хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Эрдмийн зөвлөлийн танхимд хуралдаж, Ажлын хэсгийнхэн Төрөлжсөн хороодын гишүүдэд журмын төслийг танилцуулан, журмуудтай холбоотой асуулт, хариулт явагдсан.
  • Төрөлжсөн хороодын бие даасан хурлууд 2024 оны дөрөвдүгээр сарын 04, 05-ны өдөр хуралдаж, Төрөлжсөн хорооноос журмуудад өгөх санал, дүгнэлтээ мөн сарын 09, 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар дамжуулан Ажлын хэсгийнхэнд албан ёсоор хүргүүлсэн.
  • Ажлын хэсгүүд Төрөлжсөн хороодын санал, дүгнэлт дээр ажиллан Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх журмын төслөө холбогдох материалуудын хамт дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн дотор Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлэн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн.
  • Эрдмийн зөвлөлийн гишүүд журмуудын төсөлтэй урьдчилан танилцаж, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн Эрдмийн зөвлөлийн энэхүү хуралдаанаар хэлэлцэн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын 6.2 заалтыг баримтлан шийдвэр гаргасан.

Хуралдаанаас гарсан шийдвэр:

  1. “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ыг Хавсралт 1-ээр баталж, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөх;
  2. “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-ыг Хавсралт 2-оор баталж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх;
  3. Журам батлагдсантай холбогдуулан МУИС-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн A/208 дугаар тушаалаар батлагдсан МУИС-д профессор багш ажиллуулах журам, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн A/412 дугаар тушаалаар батлагдсан МУИС-д профессор багш ажиллуулах журамд оруулсан өөрчлөлтийг тус тус хүчингүй болсонд тооцох;
  4.  МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам, МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмыг баталсантай холбогдуулан тус журмыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх удирдамж боловсруулан батлахыг МУИС-ийн ректор (Д.Бадарч)-д үүрэг болгох;
  5. МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам, МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг МУИС-ийн ректор(Д.Бадарч)-д үүрэг болгох;
  6. МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журмыг хэлэлцэхийг хойшлуулав. Хариуцсан ажлын хэсэг дахин ажиллаж, Эрдмийн зөвлөлийн хуралдаанд 5 сард багтаан хэлэлцүүлэхийг даалган шийдвэрлэв.

Хуралдаан нийт долоон цаг үргэлжилсэн ба 14:20 цагт эхэлж, 21:25 цагт дуусав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар