Хайж байна...

“Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

БШУЯ, МУИС, төрийн өмчийн их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх “Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь их сургуулиудын судалгаа, инновацын өнөөгийн хүрсэн түвшинг олон нийтэд хүргэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, төрөөс олгох судалгааны санхүүжилтийн талаар зөвлөмж боловсруулж, хүргүүлэх зорилготой юм.

Хурлын үеэр Монгол Улсын Их Сургууль дэлхийн суралцагчдад зориулан бүтээсэн MOOC буюу нийтэд нээлттэй цахим хичээлийн нээлтийг хийлээ. МООС нь цаг хугацаа, орон зай, санхүүгийн болон бусад хязгаарлалтаас үл хамааран боловсролыг хүртээмжтэй олгох, технологид суурилсан шинэ эриний суралцагчдад хүрч ажиллах хамгийн сайн жишээ болон хөгжиж байна.  

Дэлхийд эрэмбээрээ тэргүүлэгч их сургуулиуд нийтэд нээлттэй цахим хичээлийг насан туршийн боловсрол олгоход хамгийн тохиромжтой арга хэрэгсэл хэмээн үзэж байна. Түүнчлэн нийтэд нээлттэй цахим хичээлээр дамжуулан их сургуулиуд орлого бүрдүүлэх, технологийн туршилт, сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлэх замаар судалгаа, хөгжлийн шинэ чиглэлүүд гаргах, хамтын ажиллагааг хөгжүүлж дижитал эрин үеийн тогтвортой байдал, өсөлтөд эерэг хувь нэмэр оруулж байгаа юм.  

Дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж буй дээд боловсролын ууган голомт Монгол Улсын Их Сургууль нийтэд нээлттэй цахим хичээл буюу МООС бүтээж олон улсын платформд байршууллаа. Ингэхдээ улсынхаа онцлог, ондоошил, дэлхийн суралцагчдын анхаарал сонирхлыг зүй ёсоор татах нүүдэлчдийн археологийн сэдвээр Монгол Улсын их дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд нийтэд нээлттэй цахим хичээлийг  бүтээн байршуулав.  

Archaeology of Past Nomads on the Mongolian Steppe нэртэй нийтэд нээлттэй цахим хичээлийн багшаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Жаргалан ажилласан бөгөөд 195 орны 20 сая хэрэглэгчтэй дэлхийн шилдэг цахим сургалтын платформуудын нэг болох Future Learn платформд байршуулсан юм. Хэрэглэгч тус цахим хичээлийг 1 сарын 39.99 долларын үнээр үзэх боломжтой.  

Хичээл үзэх холбоос: https://www.futurelearn.com/courses/archaeology-of-past-nomads-on-the-mongolian-steppe  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар