Монгол Улсын Их Сургууль “Ниргэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС) -ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк (ШУТУБП)-ийн Технологи дамжуулах төв нь МУИС-ийн оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, дамжуулах, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх, шинэ технологийг лабораторийн судалгаа туршилтаас үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. ШУТУБП нь МУИС-ийн “Багш, оюутны стартап-2020” хөтөлбөрийн үр дүнд бий болсон “Cloudprint” хэвлэх төхөөрөмжийг хамтран ашиглах гэрээг “Ниргэ системс” ХХК-тай байгууллаа.

Гэрээ байгуулах уулзалтад МУИС-ийн ШУТУБП-ийн захирал, проф. О.Мөнхбат, “Ниргэ системс” ХХК-ийн захирал Т.Төгөлдөр, Технологи дамжуулах төвийн эрхлэгч, проф. Ш.Наранмандах болон төвийн мэргэжилтнүүд оролцлоо.

“Ниргэ Системс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Төгөлдөр нь анх МУИС-ийн “Багш, оюутны стартап-2020” хөтөлбөрт оролцохдоо Монголын хамгийн анхны үүлэн технологид суурилсан өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмжийг зохион бүтээсэн. Энэхүү хэвлэх төхөөрөмж нь “ICT-EXPO 2020”-ийн “Шилдэг үйлчилгээ”, “Mongolian “INNO WEEK 2021”-ийн “Инновацын шилдэг бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарч Монголынхоо мэдээлэл технологийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Одоогоор “Cloudprint” хэвлэх төхөөрөмжийг МУИС-ийн Төв болон 8-р байр, Бизнесийн сургууль, Номын сан болон ШУТУБП зэрэг таван байршилд байршуулж, хэвлэх үйлчилгээ үзүүлж  байна.

МУИС. ШУТУБП. Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар