Монгол Улсын Их Сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн 79 дэх удаагийн эрдмийн баяр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ийнхүү МУИС-иар овоглох 2200 гаруй суралцагч их сургуулиа төгсөв. Тухайлбал, бакалаврын түвшний 1961 төгсөгч, магистрын түвшний 307 төгсөгч, докторын түвшний 28 төгсөгч, нийт 2296 суралцагч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа.
Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, профессор Б.Очирхуяг үг хэлэв. Тэрбээр, хүний амьдралд тохиох эрхэм чухал баяруудын нэг бол эрдэм ном сурч, дээд боловсрол эзэмшиж, их сургуулиа төгсөх “Эрдмийн баяр” болохыг онцлоод МУИС-ийг төгсөж буй нийт төгсөгч, түүний гэр бүлд эрдмийн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн тэрбээр, сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн тасралтгүй суралцаж, тэнхим багш нартайгаа эргэх холбоотой ажиллаж, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг нийт төгсөгчдөд захилаа. МУИС-ийн оюутан Монголын ирээдүй хэмээх уриалгыг санаж, ихийг санаачилж, илүүг бүтээн эх орноо манлайлж, дэлхийд өрсөлдөхийг их сургууль та бүхнээс хүсэн хүлээх болно хэмээв.
Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нийт гурван ээлжээр зохион байгуулсан. Төгсөгчдөд МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, МУИС-ийн эрдэмтэн багш, ректорын зөвлөлийн гишүүдболон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлууд диплом энгэрийн тэмдэг гардууллаа.
I ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг
Диплом гардуулах | Энгэрийн тэмдэг гардуулах | |
|
УТСОУХНУС-ийн захирал | С.Мөнхбат |
Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал | Б.Ганбат | |
Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга | П.Баянсан | |
Цахим шилжилтийн бодлогын газрын дарга | А.Баатарбилэг | |
Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга | В.Дашдаваа |
II ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг
Диплом гардуулах | Энгэрийн тэмдэг гардуулах | |
|
Бизнесийн сургуулийн захирал | Н.Батнасан |
Хууль зүйн сургуулийн захирал | С.Амарсанаа | |
Инженер, технологийн сургуулийн захирал | Ч.Сономдагва | |
Худалдаа, маркетинг, менежментийн салбар хариуцсан дэд захирал | М.Должин | |
Санхүү, бүртгэлийн салбар хариуцсан дэд захирал | М.Эрдэнэбат |
III ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг
Диплом гардуулах | Энгэрийн тэмдэг гардуулах | |
|
Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал | Ц.Баатарчулуун |
Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал | Ч.Тамир | |
Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал | Н.Алтантөгс | |
Судалгаа, инновацын бодлогын газрын дарга | Н.Төвжаргал | |
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга | С.Булгантамир |
МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрхэм профессор багш нар үг хэллээ.
Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат багш, академич МУИС-ийн профессор Т.Жанлав, “Эрдмийн их өргөө, МУИС-ийг төгсөж байгаа залуустаа халуун баяр хүргэе. Их сургууль төгсөнө гэдэг бол хувь хүний амьдралд тохиолдох хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг билээ. Тэртээ 1970 онд би МУИС-ийг төгсөж, сургуульдаа 50 гаруй жил багшилж байна. Тийм ч учраас их сургуулиа өөрийн нэг гэрээ гэж бодож, ямагт сүсэлж явдаг. Та бүхэн өнөөдөр өндөр боловсрол эзэмшээд амьдралын их сургуульд хөл тавих гэж байна. Өөрөөр хэлбэл, юу сурснаа үзүүлэх мөч хаяанд иржээ. Амьдралын их сургуульд тасралтгүй суралцаж явах хэрэгтэй. 21-р зуун бол залуучууд та нарын зуун юм. Энэ зуунд оюуны үнэлэмж үлэмж нэмэгдэж буй. Өнөөдөр бүх юм, бүх салбар цахимжиж байна. Хиймэл оюун ухаан, машин сургалт техник, анагаах ухаан зэрэг улс орны аж ахуйн бүх салбарт нэвтэрч ашиглагдаж байна. Мэдээллийн технологи, компьютер, сүлжээ, электроникийн инженерийн мэргэжилтнүүд энэ зуунд асар их эрэлттэй байна. Дэлхийн олон улсын хүрээлэн төвүүдэд манай авьяаслаг залуучууд амжилттай ажиллаж, бүтээж байгаа нь бахархууштай. Энэхүү ах эгч нарынхаа араас явах гэрэлт ирээдүй та бүхний өмнө зурайж байна. Та бүхний ирээдүй маш сайхан гэрэлтэй, өнгөтэй байна. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Бүх зүйл өөрөөс чинь шалтгаална. Улс орны хамгийн үнэт баялаг бол хүн юм. Таван толгой, Оюутолгой шавхагдаж болно. Харин оюунт толгой хүн бол шавхдашгүй баялаг юм. Та бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Б.Сайнжаргал хэлэхдээ, “Сургуулийн хамгийн хүндэтгэлтэй баяр бол төгсөгчдийн баяр, диплом гардуулах ёслол байдаг. МУИС бол Монгол Улсын дээд их сургууль, олон их, дээд сургуулийг өөрөөсөө төрүүлж бойжуулсан ба манай олон мянган төгсөгч Монгол Улсыг хөгжүүлэхэд үлгэрлэн манлайлж ирсэн бахархам уламжлалтай уламжлалтай сургууль билээ. Өнөөдөр төгсөж буй залуус та бүхэн энэ алтан хэлхээг нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй. Мөдхөн 20 хүрэхгүй жилийн дараа МУИС-ийн 100 жилийн ойг тэмдэглэхэд өнөөдрийн төгсөгч та нар 40 насны босгыг давсан, шилдэг мэргэжилтэн, үлгэрлэн манлайлагчид болсон байна гэдэгт ахмад багш би эргэлзэхгүй байна. Их, дээд сургуулийг төгсөх нь хүний амьдралын маш чухал зааг үе байдаг. Учир нь та бүхэн маргаашаас танхимын сургалтын орчноос гарч, ажил хөдөлмөр, амьдралын их сургуульд шилжих гараа дээр ирээд байгаа юм. Төгсөгч та бүхний ажил үйлс, амжилт бүтээлээр сургууль багш нар, хамт олон нь бахархаж баярлаж явдаг юм шүү. Та бүхний ажил амьдралын гараа өлзийтэй байж, амьдралын их сургуульдаа амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг ахмад багшийн хувьд дэвшүүлье” гэлээ.
Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор М.Цогбадрах хэлэхдээ, “Монгол Улсын ууган их сургууль-МУИС-даа суралцаж эрдэм номын шимийг хүртэн бакалаврын боловсрол эзэмшиж буй оюутан залуучууддаа, мөн та бүгдэд эрдэм мэдлэгээ харамгүй заан сургасан эрхэм профессор, эрдэмтэн багш нартаа төгсөлтийн баярын мэндийг хүргэе. Миний хувьд ахмад багшийн хуваарь энэ баярын хүндэт индрээс үг хэлэх боломжийг хүртсэндээ их баяртай байна. Төгсөлтийн баяр төгсөгчид та нар, та бүхний гэр бүл, багш нарын хувьд хамгийн том баярт үйл явдал юм. Та бүгд Монгол Улсынхаа эрдэм номын их уурхай болсон анхны их сургууль МУИС-ийн оюутан гэдгээрээ бахархаж явсан бол өнөөдрөөс МУИС-ийн төгсөгч гэдгээрээ бахархах болно. Суралцана гэдэг бол багш шавийн хамтын хөдөлмөр билээ. Та бүгд дөрөвхөн жилийн өмнө ЕБС-аа төгсөөд зорилго хүсэлдээ хөтлөгдөн МУИС-даа оюутан болж байсан бол өнөөдөр их сургуулиа төгсөж, баяраа хийж байна. Өөрөөр хэлбэл, амьдралын түүхэндээ чанарын нэг алхам хийж, өнөөдрөөс өөрийнхөө өмнө, аав ээж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээхээр болж байна. Та бүхнийг ирээдүйн ажил хөдөлмөр, амьдралдаа амжилт гаргаж их сургууль, эрдэмтэн банг нарынхаа хайр бахархлыг хүлээж явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эрүүл энх, аз жаргалтай байж ирээдүйд эрхлэх ажилдаа өндөр амжилттай явахын ерөөлийг өргөе” гэлээ.
Эрдмийн баярын шууд дамжуулалтын нэгдүгээр хэсгийг энд, хоёрдугаар хэсгийг энд дарж үзэх боломжтой.
Ээлж тус бүрийн төгсөгчдөд диплом гардуулж буй үеийн дурсгалын зургийг хүлээн авна уу.
I ээлж
- Нэгдүгээр хэсэг: https://drive.google.com/drive/folders/10ZgcbU6JY3KMXeAJpRyyvRRQ-Js8jwiC?usp=sharing
- Хоёрдугаар хэсэг: https://drive.google.com/drive/folders/1IW11aebuAjB73QuEv4L4g8MZTHfjx3LZ?usp=sharing
- Гуравдугаар хэсэг: https://drive.google.com/drive/folders/1HMjDUQ4cSUpmDYsY39gJldzGJD1qJvma?usp=sharing
II ээлж:
III ээлж: