Залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд энэ сарын 01-10-ны хооронд “Социологийн зуны сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт бакалавр болон ахисан түвшний 17 оролцогч хамрагдаж байна. Социологийн зуны сургуульд суралцахаар бакалаврын түвшний 47 оюутан хүсэлт гаргаснаас 11 оюутныг сонгон шалгаруулж бүрэн тэтгэлэг олгожээ. Хөтөлбөрт оролцогчид эхний хоёр хоног Улаанбаатар хотод социологийн суурь ойлголтууд болон судалгааны арга зүйн хичээлүүдэд хамрагдсан ба үлдсэн хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлаж “Сумын сургууль” сэдвийн хүрээнд багаар болон бие даан судалгааны ажил хийх юм.
Энэхүү хөтөлбөрийн онцлог нь залуу судлаачдад социологийн суурь мэдлэгийг МУИС-ийн багш нараас шууд суралцах боломжийг олгохоос гадна тэднийг Монголын нийгмийн асуудлыг таньж мэдэх, нээн илрүүлэх чадвартай, асуудлыг бодитоор шийдвэрлэхэд оролцох эрмэлзэлтэй судлаач болгон бэлтгэхэд оршино. Цаашид зуны сургуулийн төгсөгчдийг судалгааны ажилд дадлагажуулах, тэдний санаачилсан судалгаанд тэтгэлэг олгох зэргээр тогтвортой дэмжиж ажиллах болно.
“Социологийн зуны сургууль”-ийг зохион байгуулагч байгууллагууд:
- МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим
- Цогц хөгжлийн үндэсний төв,
- Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбар,
- МУИС-ийн дэргэдэх Нийгмийн судалгааны хүрээлэн,
- Нийтийн эрх ашгийн сан,
- Монголын социологийн холбоо,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЗДТГ,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль