“Монгол хэл, соёлын зуны сургууль” зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкүүк Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд “Монгол хэл, соёлын зуны сургууль”-ийг 2024 оны долдугаар сарын 01-нээс 31-ний өдөр зохион байгууллаа.

Данкүүк Их Сургуулийн оюутнууд монгол хэл, соёлын хичээл (монгол хэлний хэл зүй, орчин цагийн монгол хэлний бичгийн хэл, монгол хэлний ярианы дасгал хичээл, монголчуудын бичиг үсгийн түүх, монгол наадам, монгол хэл ба Алтай хэл шинжлэл, монгол бичгийн уран бичлэг)-д судалж, Монгол наадам, “Түмэн эх” чуулгын тоглолт үзэж, музей аялал (Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Чингис хаан музей), Монголын түүх, соёлын дурсгалт газар болон малчдын ахуй байдалтай танилцах аялал (Аглаг бүтээлийн сүм, “Горхи-Тэрэлж” байгалийн цогцолбор газар, “Хустайн нуруу” байгалийн цогцолборт газар)-д хамрагдав.

Монгол хэл, соёлын зуны сургуульд хамрагдаж монгол хэл, соёл, түүх, орон судлалын 3 багц цаг (96 цаг)-ийн хичээл амжилттай судалсан Данкүүк Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнуудад баяр хүргэж, гэрчилгээ олгов. БНСУ-ын Боловсролын Яамны Олон улсын солилцооны тасгийн дарга Сун Дал Юун, Гадаад хэлний боловсролын тасгийн ахлах мэргэжилтэн Паг Со Жинь, Гадаад хэлний боловсролын тасгийн мэргэжилтэн Синь Юү На нарын төлөөлөл болон Данкүүк Их Сургуулийн багш нар Монгол Улсад хүрэлцэн ирж, зуны сургуулийн явцтай танилцан, хамтран ажиллах талаар санал солилцов.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар