Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа, тус тэнхимийн багш доктор, дэд профессор Н.Амгалан, доктор Ч.Буян нар 2024 оны есдүгээр сарын 10-14-ний өдрийг хүртэл Ховд аймагт хувийн зардлаар ажиллалаа. Энэ хугацаанд МУИС-ийн “Хими” суурьтай мэргэжлийн хөтөлбөрүүдийг Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловролын VI сургууль болон Мянгад сумын ерөнхий боловролын сургуульд байгалийн ухааны чиглэлээр сонгон суралцаж байгаа X-XII ангийн сурагчдад тус тус амжилттай сурталчлав.

Ховд аймаг дахь МУИС-ийн Баруун Бүсийн Сургууль (ББС)-ийн Хими, биологийн тэнхим (ХБТ)-ийн хамт олонд ШУС-ийн Химийн тэнхимийн тухай, тус тэнхимд хэрэгжүүлж буй бакалаврын болон ахисан түвшний мэргэжлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, сургалтын хэрэгжилтийн талаар харилцан яриа өрнүүлэв. Улмаар ББС дахь ХБТ-тэй цаашид хамтран ажиллах боломж, нөөц бололцооны талаар санал солилцлоо.

Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа, тус тэнхимийн багш доктор Ч.Буян нар химийн хэмжилзүйн анхан шатны сургалтыг анх удаа орон нутагт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилын лаборатори, УЦУОШГ-ын Байгаль орчны шинжилгээний лаборатори, Ховд аймгийн Дулааны станц ТӨХК-ний Хими цехийн лаборатори, “МоЭнКо” Хөшөөт уурхайн хяналт шинжилгээний лаборатори, “Шим-Ус” ОНӨААТҮГ, Ховд Эко цементийн үйлдвэрийн чанар-хяналтын лабораторийн инженер, шинжээч, химич зэрэг 40 орчим мэргэжилтнүүд хамрагдав. Сургалтад оролцогчдын зүгээс мэргэжлийн хувьд чухал ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй сургалт болсныг онцлохын сацуу дараагийн шатны сургалтыг ойрын хугацаанд явуулж өгөхийг хичээнгүйлэн хүслээ.

Профессор О.Болормаа багшаар ахлуулсан “Хүрээлэн буй орчны үнэлгээ, химийн хэмжилзүй” судалгааны багийнхан Ховд аймгийн Хар-Ус нуурын баруун хойд эрэгт байрлах “Баруун бүсийн Экологийн судалгааны суурин”-гаар зочлох явцад суурингийн захирал, доктор, профессор З.Бурмаа нар тус сууринд 2019 оноос хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийнхөө үр дүнгээс танилцуулав. Мөн цаашид хамтран ажиллах судалгааны чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярьж тохиролцлоо.
Бидэнтэй хамтран ажилласан Ховд аймаг дахь МУИС-ийн ББС-ийн ХБТ-ийн эрхлэгч, профессор З. Бурмаа, ахлах багш, доктор Ч. Болормаа болон тус тэнхимийн бусад багш, ажилтнуудад гүн талархлаа илэрхийлье.
МУИС-ШУС-БУС ХИМИЙН ТЭНХИМ