Италийн Трэнтогийн Их сургуультай хамтарсан давхар зэргийн 3+1 хөтөлбөр хэрэгжүүлнэ

Share Button

   МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуулийн Компьютерийн ухаан, Электроникийн инженерчлэл бакалаврын хөтөлбөрөөр Италийн Трэнтогийн Их сургууль (ТИС)-тай хамтарсан давхар зэргийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрт бакалаврын III түвшнийг дүүргэсэн суралцагч хамрагдах боломжтой бөгөөд Италийн Трэнтогийн их сургуульд нэг жил бүтэн тэтгэлэгтэй суралцах юм. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн оюутан сургуульдаа гурван жил, Италид нэг жилийн хугацаанд суралцаж, хоёр хөтөлбөрийн харгалзах багц цагийг амжилттай цуглуулж, дүүргэснээр хос дипломтой төгсөх боломжтой.

   Хөтөлбөрт компьютерийн ухаанаар гурав, электроникийн инженерчлэлээр гурван оюутан буюу жилд нийтдээ зургаан оюутныг хамруулна. Эхний ээлжийн оюутнуудыг 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлаас суралцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд удахгүй, энэ улирлаас уралдаант сонгон шалгаруулалтыг зарлана. Гэрээний дагуу дээрх хоёр хөтөлбөрийн эхний гурван жилийн хичээлийг судалж багц цагаа цуглуулсан, голч оноо 3.0-оос дээш, англи хэлний B2 түвшинтэй суралцагч хамрагдах боломжтой. Италид судлах хичээл нь англи хэлээр явагдах ба тэтгэлэг горилогчоос итали хэлний түвшин, нөхцөл шаардахгүй. Мөн нэмэлт сургалтын төлбөр шаардахгүй, МУИС-д төлсөн төлбөрөөрөө суралцана.

    ТИС нь Итали Улсдаа дундаж хэмжээтэй их сургуулиудын эхэнд жагсдаг 16 мянган оюутан, 1,600 профессор багш, ажилтантай, судалгаа хөгжүүлэлт, гадаад хамтын ажиллаагаар тэргүүлдэг их сургууль юм. Компьютерийн ухааны чиглэлээр дэлхийд 151 (Times Higher Education) эрэмбэтэй байна. ТИС-ийн Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны сургуулийн Компьютерийн ухаан (Computer Science), Компьютер, холбоо, электроникийн инженерчлэл (Computer, Communication and Electronics Engineering) бакалаврын хөтөлбөрүүдээр хамтран сургах юм. Компьютерийн ухааны хөтөлбөр нь итали, англи хэлээр хосолж сургадаг бол нөгөө хөтөлбөр нь бүрэн англи хэлээр явагддаг байна.

Давхар зэргийн хөтөлбөрийн гэрээний хавсралт хичээл, дүнгийн дүйцүүлэлттэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

     Түүнчлэн сургууль хоорондын судалгаа-хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг дэмжих бакалаврын судалгааны ажлыг хоёр сургуулийн профессор багш нарын удирдлага дор хамгаалах юм байна.

   Жил хагасын хугацаанд хоёр их сургуулийн тэнхим, бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн ерөнхий хороо зэрэг эрх бүхий байгууллагаар хэлэлцэж зөвшөөрсний дараа талууд гэрээнд гарын үсэг зурж, хөтөлбөрийн хэрэгжилт албан ёсоор эхэллээ. Хамтарсан хөтөлбөрийг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Г.Амарсанаа, гишүүдээр дэд профессор П.Далайжаргал, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Э.Шүрэнцэцэг нар ажилласан юм.

   Дашрамд дурдахад, МУИС нь анх 2012 оноос хойш ТИС-ийн Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны сургуультай хамтран ажиллаж ирсэн бөгөөд зөвхөн мэдээллийн технологийн салбарт багш, оюутан солилцооны “Erasmus One More Step” хөтөлбөр, Европын холбооны H2020 хөтөлбөрийн судалгааны хамтарсан төсөл, Дижитал их сургууль инновацын төсөл хэрэгжүүлсэн, судалгааны хамтын бүтээл бичиж хэвлүүлсэн, бакалавр, магистрын түвшинд хичээл хамтарч заасан зэрэг боловсрол, судалгаа, инновацын олон талт хэлбэрээр хамтарч иржээ. Мөн магистр, докторын түвшинд манай сургуулийн төгсөгчид суралцаж хамгаалсан байна. Одоогоор ТИС-ийн магистрын өгөгдлийн ухаан хөтөлбөрт МКУТ-ийн хоёр төгсөгч суралцаж байна. Мөн их өгөгдөл, хиймэл оюуны хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн “DataScientia” консорциумын хүрээнд судалгаа, хөгжүүлэлтийн ажил идэвхтэй явж байна.

МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар