МУИС-ийн ректор Б.Очирхуяг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Танака Шиничи болон шинэ дарга Мияаги Кэнсүкэ нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалт нь ноён Танака Шиничи Монгол дахь албан тушаалаа хүлээлгэн өгч, нутаг буцаж буйг тохиолдуулан зохион байгуулагдсан юм.
Уулзалтын үеэр талууд ЖАЙКА-аас МУИС-д хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Хоёр байгууллага хооронд амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдээс дурдвал 2023 оноос эхэлж МУИС-д ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Японы модернизац, Хөгжил судлал” шинэ хичээлийн хөтөлбөр, 1000 инженерийн хөтөлбөр, 2025 оны дөрөвдүгээр сард хийгдэхээр төлөвлөгдөж буй Монгол-Япон төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажил зэргийг онцолж болох юм.
Ректор Б.Очирхуяг ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга асан Танака Шиничи-д МУИС болон ЖАЙКА-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн талархал гардуулж, шинээр томилогдож буй дарга Мияаги Кэнсүкэ-д ажлын өндөр амжилт хүсэв.
Талууд цаашид боловсролын салбарт хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР