МУИС-ийн Газарзүйн тэнхим Хот төлөвлөлтийн чиглэлээр БНХАУ-ын Цинхуа болон Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтран ажиллана

Share Button

    МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Г.Бямбахүү, профессор П.Мягмарцэрэн нар 2024 оны есдүгээр сарын 25-29-ний хооронд гадаад томилолтоор Бээжин болон ӨМӨЗО-ны Хөх хотуудад ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд Цинхуа их сургуультай Хот төлөвлөлт, архитектурын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

   Цинхуа их сургуульд ажиллах хугацаандаа БНХАУ-ын Нийслэлийн бүсийн орон зайн хөгжлийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, лабораторийн ахисан түвшний оюутнуудад МУИС-ийн түвшинд хийж буй судалгааны ажлуудаа танилцуулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

   Түүнчлэн Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургуультай цаашид хамтран ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллах албан ёсны гэрээг ирэх 11 сард хийхээр төлөвлөн ярилцав. Уг хамтын ажиллагааны гэрээний төсөлд тус сургуулиас МУИС-д “Хятад-Монголын хамтарсан хот байгуулалтын тогтвортой хөгжлийн олон улсын судалгааны төв” байгуулах, хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх, туршлага солилцох, оюутан солилцооны талаар зөвшилцөн тусгахаар тогтлоо. Энэхүү төв нь гурван сургуулийн цаашдын хамтын ажиллагааны чухал холбогч болох өндөр ач холбогдолтой юм.

   Мөн Хөх хотод ажиллах хугацаанд “2024 Inner Mongolia Conference on High Quality Development of Educational Opening-up” хуралд оролцож, дараагаар нь Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулиар зочлон танилцахын сацуу “Forum on Sustainable Development of Human Settlements” салбар хуралдаанд проф. П.Мягмарцэрэн өөрийн судалгааны ажлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

МУИС-ШУС-БУС

Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар