“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Share Button
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа. Уран бүтээлч, багш, оюутан, 11-12 дугаар анги, 8-10 дугаар анги гэсэн 5 ангиллаар зохион байгуулав.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнууд Оюутны ангилалд амжилттай оролцлоо. Үүнд:
  • Дэд байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2 дугаар ангийн оюутан Ч.Өнөрзаяа. “Нэгэн үсгийн эрдэм” бүтээл;
  • Гутгаар байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Б.Ичиннорвоо. “Чингис хааны билиг сургаал” бүтээл;
  • Тусгай байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн I ангийн оюутан Т.Цэрэнням. “Эрдэнийн сан субашид” бүтээл;
  • Тусгай байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн II ангийн оюутан Ү.Энхжин. “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээл.
“Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнгийн оюутны ангилалд шалгарсан Ч.Өнөрзаяа, Б.Ичиннорвоо, Т.Цэрэнням, Ү.Энхжин нарт баяр хүргэж, амжилт хүсье.
Шагналыг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гардууллаа.
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нийтэд толилуулна. Олон улсын үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.
Тус олон улсын үзэсгэлэнд 170 гаруй бүтээл ирснээс БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНФУ-аас бүтээлээ илгээжээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар